МҮБХ-ны Дэд ерөнхийлөгч, Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ноос гаргасан ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДТЭЙ холбоотой тогтоолын талаар мэдээлэл хийж байна.
МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм.
МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас сэтгүүлчид хамгийн түрүүнд “МҮБХ гаргасан тогтоолоо өөрчлөх үү, допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ эргэж харах уу, тэдгээр бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах уу?” гэсэн асуултыг тавилаа. Үүнд тэрбээр “МҮБХ-ын тэргүүлэгчид энэ долоо хоногт багтан хуралдаж, энэ асуудлыг дахин хэлэлцэх байх. Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо эдгээр бөхчүүдийг Үндэсний баяр наадамд барилдуулах эсэх шийдвэрийг гаргана. Шүүхийн асуудал дээр ч гэсэн БСШУСЯ анхаарал тавьж ажиллана” гэсэн тайлбар өглөө.
Бөхчүүдийн эрхийг сэргээсэн эл шийдвэр өнгөрсөн ням гаригт /2019.06.23/ “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бүх бөхчүүд “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан.
МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.