Нийслэлд дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажил үргэлжилж байна. /Засварын хуваарь бүрэн эхээрээ: https://ikon.mn/n/1kpe/
Маргаашаас /2019.06.26/ эхлэн 9 хоногийн хугацаатайгаар 25 дугаар эмийн сан, УБ палас, 10, 1 дүгээр хороолол, СОТ3, III хорооллын эцэс, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112 орчимд засвар хийхээр болжээ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
Засварын ажлын тухайд таслах хаалт, ус буулгагч хаалт солино. Мөн шинэ шугамын холболт болон урсгал засвар хийнэ гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.
Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлэх боломжтой.
ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД:
- Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
- Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
- Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохирлыг өөрсдөө бүрэн хариуцна.
- 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.
Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК