“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг өнөөдөр /2019.06.24/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөлж битүүмжилсэн байна. Өнгөрөгч 2019.05.16-ны өдөр Улсын Дээд шүүхээс тус хаусыг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан тус байрыг өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт хураах шийдвэрээ түр хойшлуулаад байсан юм.
Түүнийг УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа нийгэмлэгийн хөрөнгөөр Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй таунхаусыг захиалан бариулж хувьдаа эзэмшиж байгаа нь хууль бус хэмээн “УБТЗ” ХНН -ийн ажилчид үзэж шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр уг хаусыг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Хэдийгээр гурван шатны шүүхийн шийдвэрээр чөлөөлөх шийдвэр гараад байсан хэдий ч Л.Пүрэвбаатар өнөөдрийг хүртэл уг байрыг чөлөөлж өгөөгүйтэй холбогдуулан ШШГЕГ-аас ийнхүү албадан чөлөөлж байгаа аж.
Энэ үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар “Энэ хаусыг Монголын ард түмний хөрөнгөөр бус Оросын мөнгөөр худалдаж авсан. Би УБТЗ ХНН-ийг 111 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүлээлгэн өгсөн. Энэ мөнгөний 1-2 хувь болох 2 тэрбум төгрөгөөр шагнах гэхэд нь би татгалзсан. Надаас өмнөх дарга нар үүнээс ч илүү үнэтэй байр авсан. Түүний хажууд миний авсан байр бол наад захын жижиг компаний захирлын байртай адил” гэсэн юм.