Өчигдөр Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан МБӨ-нд 14:00 цагаас эхлэх байсан ч барилдаан 15:30 цагийн үед эхлэв. Уг барилдаанд Үндэсний бөхийн холбооноос допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж буй талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотой юм.
Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд “Допинг хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг энэ барилдаанд барилдуулахыг эсэргүүцэн уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн барилдаан тийнхүү саатсан билээ. Ч:Санжаадамба аварга хэлэхдээ: “Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Тэрбээр допингийн асуудлыг эсэргүүцэж энэ удаагийн барилдааны дэвжээнд зодоглосонгүй. Мөн барилдах эрх нь сэргээгдсэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар барилдаанд ирсэн ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгаран барилдсангүй.
БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны 12 дугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар саруудад авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ. Тэгвэл Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн эрхийг сэргээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан.
Бөхийн өргөөг тойрсон маргаан тасарч амжаагүй байхад бөхийн холбооныхон дотроо ийнхүү хагаралдаад эхлэх нь энэ. Үндэсний их баяр цэнгэл наадам хаяанд ирсэн энэ цаг дор үүссэн маргаанаа яаралтай шийдвэрлэн эвлэрэлд хүрэхийг бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд хүсч байгаа нь дамжиггүй.