Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон “Тамирчдын баярын өдөр”, олон улсын Олимпийн өдрийн ёслолд оролцож зочид, төлөөлөгчид, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсчээ.
Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд хилээр оруулж ирэх спортын зориулалттай нэр бүхий тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг гаалийн татвараас чөлөөлөх болсныг тэмдэглэв. Энэ нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн, наадмыг эх орондоо зохион байгуулах, спорыг хөгжүүлэхэд хувь нэмрээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлав.
Олимп, паралимпийн наадамд авч байсан эрхийнхээ тоог нэмэх, өмнөх амжилтаа ахиулах, улмаар Олимпийн алтан медаль авна гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байгааг тэрээр шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.