Гал, ус, байгалийн гамшиг, халдварт өвчин гээд юунаас ч айдаггүй яваад л орчихдог хүмүүс бол Онцгой байдлын албаны алба хаагчид…
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй. Энэ жил 15 жилийн ойтойгоо золгож буй Онцгой байдлын албаны алба хаагчдад “Баярлалаа” хэмээн талархах олон шалтгаан бий.
Тэдний 15 жилийн хугацаанд бүтээсэн түүх, урсгасан хөлс, гаргасан эр зоригийг үнэлж, хэмжих боломжгүй… 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг азран хамгаалжээ. Энэ бол нэг томоохон сумын хүн ам, 300 цэцэрлэг барих хэмжээний мөнгө билээ.
Хэрэв, тэд аварсан 17012 хүнээсээ нэг л хүнийг амийг аварч чадаагүй бол хэдэн хүүхэд өнчирч, хэдэн хүний зүрх сэтгэл эзгүйрэх байсан бол гээд хүн тус бүрээр нь бодоод үзвэл хэмжээлшгүй их бодрол, тооцож боломгүй сэтгэл, хайр, хөдөлмөр…