Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар өнөөдөр барилгын салбарт баримталж буй бодлого үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстойг онцоллоо. Мөн тэрээр ” Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна. Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна. Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно. Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно” гэсэн юм.
Харин Дэд сайд Д.Мөнхбаатар, “Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Тодруулбал,
10 мянга нь амины орон сууц,
57 мянга иргэн ААН-ийн газар дээр
3000 нь дахин баригдах
18488 түрээсийн орон сууц барина гэсэн төлөвлөгөө гаргасан.
Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын 2 сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулна” гэв.
-БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЖЭЭ-
Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.
Сүүлийн таван жилд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.
Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.