Монгол Ардын Намаас өнөөдөр (2019.06.20) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд сүүлийн хоёр сарын хугацаанд сөрөг хүчин АН ёс зүйгүй, увайгүй үйлдэл хийж байна гэж дурдаад, АН нь цөөн хэдэн хулгайч, авлигчдыг хамгаалж, өмгөөлдөг нам болж, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг болсонд бид харамсаж байна хэмээн хэвлэлийн хурлаа эхлүүллээ.
МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Улаанбаатар банкинд хамааралтай улс төрчид амиа тавьж өнөөдрийн жагсаал, цуглааныг хийж, харагдсан болгон руугаа дайрч байна. Намаасаа тойрог горилсон хүмүүсээр жагсаал хийлгэж байна. Эрүүл мэндийн яамыг тэд онцолж барьж байна. ЭМЯ дээр акц хийж байгаа Ж.Амарсанаа хувийн ашиг сонирхолтой, хувьдаа эмнэлэгтэй. Тэр нөхөр хэдэн зуун саяын тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлчихсэн. Ийм хүн эрүүл, шударга хүн болох гэж ярьж салбаганаж явна. Энэ байдлаа зогсоох ёстой.
Гадаад харилцааны яам руу маш их дайрч байна. Сүүлийн үеийн мэдээгээр хэд хэдэн дипломатуудыг эргүүлж татаж байгаа юм байна. Тэр бол Ц.Элбэгдоржийн томилсон хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож байгаа хэрэг юм. Тийм учраас Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан хүн, АН-ын нарийн бичгийн дарга байсан хүн жагсаал хийж ил, далд даргынхаа төлөө үйлчилж, амь тэмцэн хамгаалж байгаа юм. Энийгээ зогсоох ёстой.
Хууль зүй, дотоод хэргийн яам руу маш ихээр дайрч байна. МАН-ыг сөрөг хүчин байхаас эхлээд Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэтийн хувьчлалын асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг суллаж, шударга ёсыг тогтоох гэснийх нь төлөө Ц.Нямдорж руу бүх байдгаараа дайрч байна. Хуулийн байгууллагад шургалсан сүлжээ амь тавин зүтгэж байгаа юм. Энэ байдлаа зогсоох ёстой.
Улаанбаатар хотоос Улаанбаатар банкны мэдэлд байдаг хэд хэдэн газрын эрхийг цуцалсан. Үүнд газрын наймаа дамжсан нөхөд үхэн хатан тэмцэж байгаа юм. Цаашдаа ч Улаанбаатар хотод хууль бусаар өгсөн газруудын эрхийг цуцлахын төлөө МАН анхаарал тавьж ажиллана. Тухайлбал, дотроо дэмжлэггүй болчихсон АН-ын дарга С.Эрдэнийн нэр дээр хэд хэдэн газар бий. Хандгайтад, Найрамдалд газар авсан асуудал, Хүүхдийн паркаас газар авч хувьдаа Шонхор гэдэг байшин барьж охиндоо өгсөн асуудлыг шавдуулахын төлөө бид ажиллана.
Цаашлаад 2012-2016 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр, Ерөнхий сайд байсан Сайханбилэгийн хийсэн Дубайн гэрээ, Д.Эрдэнэбат гээд одоо АН-ын зөвлөлийн даргын сайд байхдаа Багануурын уурхайг будилуулсан, Үйлдвэр худалдааны яамыг будилуулсан асуудлуудыг бид шалгуулахын төлөө ажиллана.
Хэдэн хулгайч нарыг дээрээ суулгаж, тэдний төлөө жагсаал, цуглаан, үймээн самуун дэгдээдэг байдлыг зогсоох ёстой гэдгийг намын даргаасаа шаардах ёстой гэж МАН-ын гишүүд, дэмжигчид уриалж байна. Хэдэн хүнийг дарга сайд болгохын төлөө, тойрог авч өгөхийн төлөө АН-ын ЕНБД нь тушаал гаргаад Ажлын хэсэг байгуулаад хэрэг эрхлэх газрын дарга нь манлайлаад жагсаж байна. Бидний авсан мэдээллээр нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр хийж байгаа юм байна. Харамсалтай нь жагсаалд нь ирэх хүн байхгүй, хүнд байгаа юм билээ.
Хулгайчид, луйварчид, авлигачид гээд хэн дуртай нь орилдог байдлыг бид эсэргүүцэж байна. МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж, дэмжиж ажиллана. Ийм учраас МАН-ын хотын намын хороо, МАН-ын дэргэдэх ТББ-ууд нэгдэж цаашдаа намаасаа Засгийн газраа хамгаалах улс төрийн хөдөлгөөнийг байгуулж ажиллана.
2012-2016 онд төрийг яаж самууруулж будлиулсныг тун удахгүй баримт, нотолгоотойгоор дэлгэрэнгүй танилцуулна” гэж мэдэгдлээ.
Мөн энэ үеэр тэрээр МАН-ын дэд сайд 1.2 сая доллар авсан тухай асуудлыг хөндлөө. Энэ нь АН-ын үед дэд сайд хийж байсан Эрдэнэбулгантай холбоотой. Францын компанитай холбоотой, Францад энэ асуудал нь явж байгаа. Мон Атом дээр очиж энэ асуудлыг судлаарай хэмээн онцлон дурдлаа.