Цагаан уул цэцгийн домог оршвой

Хамгийн сайхан цэцэг бол үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг !!! Яагаад гээч түүнийг тасдаж хаясан ч, усалж тордсон ч, нар ээсэн ч, сүүдэр туссан ч үргэлж нэг хэвээрээ байдаг. Гаднаас нь харахад бусад цэцэгтэй адил үзэсгэлэнтэй, анхилуун сайхан үнэртэй биш ч түүнийг цаанаасаа л нэг юм онцгой сайхан болгодог яг юу гэдгийг нь би сайн илэрхийлж чадашгүй.

 

Англи хэлээр Еdelweiss, латин хэллэг нь Leontopodium alpinum.

Нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium грек хэлний “lion” буюу “арслан”, “podion” буюу “савар” гэсэн үгнээс гаралтай. 6-8 дугаар сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч манай оронд 2-3 төрөл бий. Түүнийг энгийн хүн хараад ялгах аргагүй. Ерөнхийдөө хад чулуурхаг ууланд далайн түвшнээс дээш 2000-2900 метр өндөрлөг газар ургана. Ургамал судлаачид цагаан уул цэцгийг Альпын, Сибирийн гэж ангилдаг бөгөөд Монгол, Манжуур, БНСУ зэрэг газарт ургадгийг нь Сибирийн төрөлд оруулдаг юм байна.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон энэ цэцгийг үхэл даллагч хижиг өвчинтэй тэмцэхэд оточ маарамба нар хэрэглэдэг байжээ. Ямар тунгаар яаж хэрэглэдэг байсан нь тун бүдэг. Цэцгийг нь буцалсан халуун усанд хандалж цус алдсан хүнд уулгадаг. Цусны даралт ихсэхэд буулгах зорилгоор өргөн хэрэглэдэг байжээ. Намар үндэсийг нь гэмтээлгүй газарт нь үлдээж цэцгийг нь түүж харанхуй сэрүүн газар хатаагаад даавуун уутанд хийж дэрлэдэг. Ингэхэд анхилуун үнэр нь хүнийг тайвшруулж цусны даралт буулгаж тайван унтахад тусладаг.

Цагаан уул цэцэгтэй холбоотой домог улс бүрт бий. Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл, зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цагт нэгэн хаан хатан, гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнжийг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ. Эцэст нь гүнж “Надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайжууд мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байжээ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн