Соёл, урлаг бол аялал жуулчлалыг татах хамгийн том хүчин зүйлсийн нэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын Соёлын төвийг хилийн чанадад байгуулах, кино урлаг болон бусад соёл урлагаар эх орноо гадаадад сурталчилах, соёлын цогц хөтөлбөр боловсруулан гаргах зэрэг олон талт арга замаар аялал жуулчлалаар дамжуулан ирж буй гадаад иргэдийн тоог өсгөж болох юм. Харин энэ зуны хувьд жуулчдын анхаарлыг ихэд татахуйц монголын соёл урлагийг брэнд болгох нэгэн урлагийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдах гэж байна. Энэ бол үндэсний язгуур урлаг, орчин үеийн бүжиг, балет, циркийн үзүүлбэр зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан, цогц хэлбэрийн “Legend” энтертайнмент шоу тоглолт юм. Тоглолтын хөгжмийн продюсерээр хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар нар ажиллаж байгаа аж.

   Найруулагч Н.Наранбаатар “Аялал жуулчлалыг соёл урлагийн хөтөлбөрөөр дэмжих, жуулчдыг татах хүрээнд Legend нэртэй туульсын хэв маяг бүхий тоглолтыг хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Монгол ардын аман зохиолоос сэдэвлэж байгаа учир илүү туульсын шинж чанартай цогц тоглолт болох болов уу. Монголын биет болоод биет бус соёлын өвийн үнэт зүйлсийг тоглолтондоо илүү тусгахыг хичээнэ. Мэдээж драмын найруулагч ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа учир энгийн нэг концертоос илүү үйл явдал баялаг, өрнөлтэй, гүн гүнзгий утга агуулгатай бүтээл төрөх болов уу. Нүүдэлчдийн ахуй соёлыг тун сонирхолтой талаас нь харуулахыг зорьж байгаа болохоор жуулчдын нүдийг хужирлаж, чихийг баясгах тоглолт болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

   “Legend” энтертайнмент шоу тоглолтыг монгол ардын бэр цэцгийн домгоос сэдэвлэжээ. Харин “Legend” тоглолтын логог Нүүдэлчин ахуй соёлоо өмгөөлөн хамгаалж, арвижуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийг бэлгэдэн “Зээ бад” хээг брэндийн дүрст бэлгэ тэмдэг болгон сийрүүлжээ. “Зээ бад” хээ нь муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл агаад үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг байна.

   Бэр цэцгийн домог нь ариун сэтгэл, хагацашгүй хайрыг бэлгэддэг. Тоглолтод уртын дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, уртын дуучинЖ.Эрдэнэцэцэг, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, О.Анхчимэг, Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, Номадик балет продакшн, Хилийн цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга, Enkheeboys циркийн хамтлаг оролцон тоглоно. “Legend” тоглолт долоодугаар сарын 7-12-ныг дуустал үргэлжлэх юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн