Замын цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Даваазултай ярилцлаа.
Замын хөдөлгөөний дүрэм ер нь шинэчлэгдэх үү. Ямар өөрчлөлтүүд орвол зохилтой бол?
-Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 онд батлагдан гарсан цагаасаа хойш 92 жилийн хугацаанд 10 гаруй удаа өөрчлөлт орсон. Сүүлийн 10 гаруй жил Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт ороогүй. Бид дандаа ололттой юмаа ярихаас гадна дутагдалтай зүйлээ ч ярих ёстой.
“1-р эгнээ, уулзвар хоорондын шар тусгаарлах зурвас” зэрэг арга хэмжээг бид хэрэгжүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэмтэйгээ нийцүүлж хийсэн боловч зарим нэг зүйл, заалтад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай нь харагдаж байна.
Хяналтын камераар илэрсэн зөрчилд торгууль ногдуулах талаар мөн дүрэмдээ тусгаж өгөх хэрэгтэй байгаа. Ер нь дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Манай Монгол Улс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын болон бусад олон конвенцид нэгдсэн.
Тэгээд ч тэдгээртэй нийцүүлж Замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөх шаардлага гарсан. Замын хөдөлгөөний дүрмийг өөрчлөх Ажлын хэсгийг гарган ХЗДХЯ, ЦЕГ-т хандаж, одоогоор Хууль зүйн яаманд шинэчилсэн дүрмээ өргөн бариад байна.
-Зөрчил гаргагчид ногдуулах арга хэмжээг хуулинд ньтодорхой болгосноор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурсан байна. Бусад төрлийн зөрчил ч мөн цөөрсөн байх. Ер нь, Замын цагдаагийн албаныторгуулийн арга хэмжээний тухайд иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг?
-Замын цагдаагийн албанд “торгуулийн төлөвлөгөө” гэж байдаг юм шиг ярьдаг нь иргэдийн дунд явж байгаа буруу ойлголт юм. ЗХАБТХ нь 2015 оны 9-р сараас эхлэн хэрэгжиж эхэлснийг дээр хэлсэн.
Монгол Улсын иргэн бүр энэ хуулийг дагаж мөрдөх ёстой. Иргэд, олон нийт дурын цахим хуудас руу, тухайлбал legalinfo.mn сайт руу ороод ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрмийг уншиж танилцах боломжтой. Хамгийн сүүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор оногдуулж байгаа торгуулийн хэмжээ мөн адил нэмэгдсэн. Үүний дагуу зөрчлийн тоо ч мөн буурсныг хэлэх хэрэгтэй.
Мөрдөгдөж байгаа хуулинд “хууль сануулах” эсвэл “хууль тайлбарлах” гэсэн ойлголт байхгүй. Зөрчил гаргасан л бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Тэгээд ч цагдаагийн байгууллага хууль сахиулах, хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллагын хувьд зөрчил гаргагчид хариуцлага тооцож байна. Манай үйл ажиллагаанд холбогдох байгууллага, албан тушаалтан хяналт тавьж ажилладаг бөгөөд бид хуулинд заасан арга хэмжээг л авч хэрэгжүүлдэг.
Гэхдээ бид энэ талаар ХЗДХ, ЦЕГ-ын удирдлагуудад танилцуулсан тул удахгүй шийдэгдэх байх. Учир нь ХЗДХЯ-аас энэ жил “Эрх зүйн туслалцааг иргэдэд ойртуулах жил” болгон зарласан. Мөн ЦЕГ-аас 2017 онд дэвшүүлсэн зорилтын нэгдүгээрт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэх” гэж тодорхойлсон.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “зайлшгүй арга хэмжээ тооцохоос тухайлбал, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх зэргээс бусад төрлийн зарим зөрчилд хууль сануулах, тайлбарлах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх”-ээр ажиллаж байна.
Цагдаагийн алба хаагчдын өдөр тутам ажилдаа ашиглаж байгаа шалгах төхөөрөмж буюу police reader багажинд жолоочийн бүх мэдээлэл байгаа учраас энэ хууль, дүрмийн зүйл заалтыг сануулсан, тайлбарласан гэдгийг бүртгээд явуулж байхаар төлөвлөж байна. Харин дараагийн удаа дахин тухайн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хуулинд заасан хариуцлага хүлээлгэх байдлаар ажиллана гэсэн бодолтой байна.
Энэ асуудал маань эцэслэж шийдэгдээгүй байгаа учраас ийм төрлийн зөрчлүүдэд хууль сануулна, тайлбарлана гэж одоогоор хэлэх боломжгүй байна.Тэгээд ч хуулиндаа зөвхөн торгох заалттай байгаа учраас иргэдэд энэ нь “төсвийн орлого бүрдүүлэх, төлөвлөгөө биелүүлэх гэж байна” гэх ч юмуу буруу ойлголтыг өгдөг бололтой. Гэтэл тийм биш шүү дээ.
-Ер нь энэ торгууль, хураамжаас төсөвт тодорхой хувийг нь оруулна гэж яригддаг. Ийм асуудал тэгвэл байгаа юу?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд торгууль, шийтгэврийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж заасан боловч нэг зохицуулагч, алба хаагч, нэг алба, хэлтэс тэдий хэмжээнийторгууль, шийтгэврийн орлого оруулах ёстой гэсэн заалт байхгүй. Ийм асуудал байж ч болохгүй юм.
Нэгдсэн хяналт шалгалт, ялангуяа баяр ёслол, амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ч огт алга болохгүй байна. Гэхдээ энэ ажлыг цаашдаа ч хийх болно.
Зөвхөн баяр ёслолын үеэр ч гэлтгүй гэнэтийн болон байнгын шалгалтуудыг тогтмол хийж, хяналт тавихыг бусад газар, хэлтсийн дарга, алба хаагчдад үүрэг болгодог. Үүнийг мушгин гуйвуулж, төсөв бүрдүүлж байна гэх зэргээр ойлгож болохгүй.
“Хамгийн гол нь цагдаагийн байгууллагын ажиллагаа нь эргээд иргэн танд, таны гэр бүлд, Монгол Улсын иргэд рүү чиглэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд явуулж байгаа үйл явц юм гэдгийг ойлгох хэрэгтэй”
-Зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Гол анхаарах асуудал юу байгаа вэ?
-2016 оны байдлаар зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтсэн хүний тоо зэрэг нь бүгд буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь мөрдөгдөж буй хууль шинэхэн бас хүчтэй байсны илрэл гэж боддог. Харин 2017 он гарсаар нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осол, хэрэг, нас баралт буурсан боловч орон нутагт өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол, хэрэг Улаанбаатар хотод 20 орчим хувиар буурсан боловч орон нутагт 30 гаруй хувиар өсөх жишээтэй.
Ер нь Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн бага, учирсан хохирол өндөр гардаг. Учир нь Улаанбаатар хотод хөдөлгөөний эрчим ихтэй, хөдөлгөөн удаашралтай явагддаг, дийлэнх нь явган зорчигчид гарцгүй газраар явдаг, зам хөндлөн гүйдэг, автобусны урдуур эсвэл зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйсний улмаас зам тээврийн осолд өртөж байна.
Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд их өртөж байна. Одоо манай албаныхныг хамгийн их зовоож байгаа нь орон нутгийн зам болон хөдөө, орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол болоод байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр бид холбогдох бүхий л байгууллагад хүсэлт, саналуудаа хүргүүлсэн. Монгол Улсын энэ өргөн уудам газар нутгийг хүний хүчээр хянахад хүндрэлтэй учраас техникийн сүүлийн үеийн ололтуудыг ашиглах нь чухал юм.
Тухайлбал явуулын камер, хурд хэмжигч, анхааруулах санамж сэрэмжлүүлэг, самбар байршуулах, дээрээс болон GPS-ээр хянах зэрэг олон арга хэмжээг төлөвлөж байна. Энэ тухайгаа ЗГ-ын тогтоолоор батлагдсан ЗХАБХангах үндэсний хорооны анхдугаар хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулга хүргүүлсний дүнд тодорхой төрлийн төсөв хөрөнгө тавигдах, орон нутгийн замуудын хяналтыг сайжруулна хэмээн найдаж байна.
-Буруу талдаа хүрдтэй автомашины асуудал нэлээд хөндөгдөж байсан. Үүнийгхэрхэн шийдэж байгаа вэ?
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас ЗХАБ-ыг хангах Үндэсний хороон дээр яригдсан гол асуудлын нэг нь энэ. Манай замын хөдөлгөөний дүрэм бол зөв талдаа хүрдтэй машинтай байхаар зохион байгуулагдсан.
Энэ нь ОУ-ын болон НҮБ-ын конвенцид нэгдсэн орнуудад байдаг дүрэм.Зах зээлийн хэрэгцээ шаардлагаар манайхан Япон улсаас импортоор нэлээд автомашин оруулж ирж байгаа. Эдгээр автомашин бүгд буруу талдаа хүрдтэй орж ирсэн.
Ийм тээврийн хэрэгслийн хувьд, ялангуяа орон нутагт хөдөлгөөнд оролцоход гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед бүтэн машинаараа гарч урсгал сөрөх шаардлага гардаг, мөн гэрлийн тусгал нь өөдөөс ирж яваа жолооч буюу зүүн тал руу илүү хэвийж тусдагаас болоод осол гарах нөхцөл бүрддэг.
ОХУ ч гэсэн хэдхэн жилийн өмнө буруу талдаа хүрдтэй машинууд олноор импортоор орж ирж байсныг зогсоосон. Өнөөдөр гэхэд ОХУ-д явж байгаа автомашинууд бүгд зөв хүрдтэй болсон. Үүнийг ард иргэддээ дарамт учруулахгүй, эдийн засгийн байдалд нөлөө учруулахгүйгээр явцын дунд нь тодорхой үе шаттайгаар Монголд зөв хүрдтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах шаарлдлага руу орно.
Энэ асуудлыг яриад ирэхээр иргэдээс олон асуулт, санал, шүүмжүүд ирүүлж байгаа. Тодорхой шат дараалалтайгаар, гаалийн болон татварын бодлогоор хийж хэрэгжүүлнэ. Үүнийг хийж болохоор нөхцөл байдал яагаад харагдаж байна вэ гэхээр 1998, 1999, 2000 оны эхэн үед МУ-д хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг Excel маркийн автомашин эзэлж байсан.
Энэ ажлыг шат дараалалтай хэрэгжүүлснээр ирээдүйд бидний үр хүүхдэд, иргэдэд хүрсэн үр өгөөжтэй ажил болно гэдгийг олон нийт, иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсон. Чухам ямар өөрчлөлтүүд орсныг хэлж өгнө үү?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү хуулиар зөрчилтэй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж өгсөн онцлогтой.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, хэрэг, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн тоо багассан үзүүлэлттэй байна. Жишээ нь,хууль хэрэгжиж эхлэхээс өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт 120-170 орчим бүртгэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар дунджаар 30-50 болж буурсан.
Гэхдээ 2015 оныЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг хэрэглэхэд тодорхой бэрхшээл гарах болсон. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ машин жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэн хүлээлгэх нь тодорхойгүй байв.
Мөн уг зөрчилд торгох, баривчлах гэсэн захиргааны зөрчлийн 2 үндсэн шийтгэлийг давхардуулж ногдуулахаар заасан байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуульд баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч ногдуулна гэж заасан байдаг.
Ингээд 2015 онд шинэчлэн батлагдсан дээрх хуулийн өөрчлөлт бусад хуулиудтай нийцэж хараахан гараагүй учраас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хэн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүйгээс” 5000 орчим хүнд хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа дуусаад байв.
Энэ асуудлыг ЗЦА, ХЗДХЯ, ЦЕГ хэлэлцээд УИХ-д өргөн барьснаар хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт өөрчлөлт орж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл ногдуулах”-аар хуульчилан өгч, тухайн шийтгэлийг нь Шүүгч ногдуулахаар заасан юм.
-Баярлалаа, танд