Өнөөдөр Сөүл хотын гурван иргэн тутмын хоёр нь “Нууц камерын бичлэгийн дарамтад амьдарч байна” гэсэн судалгаа гарсан хэмээн тус хотын зүгээс өчигдөр /2019.06.17/ мэдэгджээ.
Үүнээс зочид буудлын хууль бус бичлэгүүд нийт иргэдийн санааг зовоож байгаагын дээр тэдний золиосонд эмэгтэйчүүд ихээр өртөж буй нь тэдний сэтгэлийг ихэд эмзэглүүлж байгаа ажээ.
Сөүл хотын захиргааны 1500 иргэнийг хамарсан судалгаанд тэдний 69% нь “Хууль бус бичлэгийн айдсаар өдөр тутмын амьдралд тохиолдох сэтгэлийн түгшүүрийг мэдэрдэг” хэмээн хариулсан байна.
Үйлчлүүлэхэд түгшүүртэй газраар зочид буудал-43%, нийтийн бие засах газар-36%-тай жагсаалтыг тэргүүлсэн бол судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 80% нь, эрчүүдийн 57% нь энэхүү газруудыг “Хамгийн түгшүүртэй газар” гэж нэрлэсэн байна.
Мөн тэд нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ байнгын түгшүүртэй байх нь хүний эрхийг зөрчсөн асуудал хэмээн үзэж байгаа боловч жилээс жилд хууль бусаар бичлэг хийгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа ч тэдэнд авах арга хэмжээ дэндүү хуучинсаг байгаа талаар ч санал бодлоо хуваалцсан байна.
Ганцхан жишээ дурьдахад өнгөрсөн жил “Нууц камер”-тай холбоо бүхий 809 хэрэг зөрчил бүртгэгдснээс 10.5% буюу 85 этгээдэд л биеэр эдлэх ял оноосон байдаг ба үлдсэн 90 шахам хувь нь тэдний дунд эрх чөлөөтэй яваа нь тэднийг энэ хэргээ үргэлжлүүлэн хийгээгүйг баттай мэдэх боломжгүй, эрсдэлтэй амьдарч байна гэж үзжээ.
Иймээс Сөүл хотын захиргаанаас энэ жилийн хоёрдугаар улирлаас эхлэн тус хотын бүх үзвэр үйлчилгээ, зочид буудал, нийтийн бие засах газар, халуун ус, саун, массажны газруудад нууц камер илрүүлэх ажиллагааг зохион байгуулахаар боллоо.
Уг шалгалтыг иргэдээс хамгийн ихээр сэтгэл түгшээж буй тус хотын хэмжээнд өнөөгийн байдлаар 11 000 байдаг хэмээн бүртгэгдсэн зочид буудлын амралтын өрөөнүүдээс эхлэх бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг нь 6 хүртэл сараар зогсоох, цаашлаад хаах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Мөн хотын зүгээс уг ажиллагааны үеэр олон нийтийн томоохон үйлчилгээний цэгүүдэд “Хууль бус бичлэггүй, аюулгүй-Сөүл” компанит ажлын хүрээнд сурталчлан таниулах зорилгоор зурагт самбаруудыг байршуулах юм байна.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Сөүл хот нь нийтийн үйлчилгээний газруудын хууль бус камеруудыг илрүүлэх энэхүү ажиллагаа нь иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилготой” гээд “Бүгд нэгэн эрхэм зорилгоор хууль бус бичлэгийг таслан зогсоох ажлыг урьдчилан сэргийлж чадваас иргэдийн тайван амьдралд нийцсэн тухтай орчинг бүрдүүлнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: Mglradio