2018 он “Оюу толгой” компанийн хувьд ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулж, компанийн нийгмийн үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлж, мөн нийгэм, орон нутгийн хөгжлийн хүрээнд Монгол Улсын хөгжлийг бодитой дэмжих зорилтоо тууштай үргэлжлүүлэн, өндөр амжилт гаргасан жил болж өнгөрсөн байна. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, элчин сайд Галсангийн Батсүх “Ил уурхайн ашиглалтыг тогтвортой, үр ашигтай явуулж, мөн гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлсэн нь нийт хувьцаа эзэмшигчдийн хувьд хүртэх үр дүнг нэмэгдүүлэв. “Оюу толгой” компани нь мэдлэг ур чадвар бүтээх, тэдгээрийг гол түншүүд болоод олон нийттэй хуваалцах үйлсдээ чухалчлан анхаарч ажиллалаа” гэж онцлон тэмдэглэв.

Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн бизнесийн хөгжлийн 10 жилийн стратегийг баталсан юм. Энэхүү стратегид уурхайн цогцолборын стратегийн хөгжлийн төлөвлөгөө, ажилчдын чадавх, ур чадварын өсөлт, цахилгаан станцын төсөл, Өмнөговь аймагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ажиллах хүчний нөөцийг хөгжүүлэх, борлуулалт маркетингийн бодлогыг илүү боловсронгуй цогц болгох зэрэг зорилтууд тавигдсан болно.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтггэх захирал Армандо Торрес мөн хэлсэн үгэндээ: “Бүх оролцогч талууддаа хүртээх үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд бид цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөн, үндсэн гэрээнүүдийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсээр байна. Уурхайн үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байгаа ч Оюу толгой нь Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй, бизнесийн болоод нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсон. 2018 он Оюу толгойн хувьд шинэ санаачилга, үйл явцын сайжруулалт, ур чадварын хөгжлийн жил байлаа.”

Энэхүү тайлан нь компанийн 2018 оны үйл ажиллагааны нийт үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргаснаас гадна 2019 оны гол зорилтуудыг танилцуулсан байна. Энэ онд өнгөрсөн жилд гаргасан ололт амжилтаа үргэлжлүүлж, хувьцаа эзэмшигчдэдээ үр өгөөж хүртээхийн төлөө хүлээсэн амлалтаа тууштай биелүүлэхээ тайландаа тэмдэглэжээ. Ингэснээр дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайг амжилттай цогцлоож, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм хариуцлагатай үйл хэргээ компанийн удирдлага, хамт олон 2018 оны үйл ажиллагааны энэхүү тайландаа онцлон дурдсан байна.

2018 оны үйл ажиллагааны зарим нэг үзүүлэлтүүд:

Аюулгүй ажиллагаа
2018 онд “Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл маш өндөр байж, 200,000 хүн·цагт ногдох нийт гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 болсон нь компанийн түүхэн дэх хамгийн сайн үзүүлэлт болж байна. Гүний уурхайн ажил эрчимжиж, ажиллах хүчний тоо жилийн дотор хоёр дахин өссөн байхад ийм амжилтад хүрлээ.

Үйлдвэрлэл, санхүү
2018 онд “Оюу толгой” компани 157 мянган тонн зэс, 248 мянган унци алт, 873 мянган унци мөнгө (2017 онд 149 мянган тонн зэс; 111 мянган унци алт; 860 мянган унци мөнгө)-ний агуулга бүхий 746 мянган тонн баяжмал (2017 онд 724 мянган тонн) борлуулж, 1,180 сая ам.доллар (2017 онд 940 сая ам.доллар)-ын орлого олсон.

Гүний уурхайн бүтээн байгуулалт
Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл 2018 онд амжилттай урагшилж, 5 дугаар босооамны агааржуулалтыг бүрэн дуусгаж, дэлхий дээрх хамгийн томд тооцогдох 2 дугаар босоо амыг суулгах зэрэг хэд хэдэн нэн чухал барилга байгууламжийг барьж бэлэн болголоо. Нарийвчилсан инженерингийн зураг, төслийн ажил дуусах шатандаа орсон бөгөөд нийт барилга угсралтын ажил 46 хувьдаа (2019 ны тавдугаар сарын эцсээр 54 хувьтай байна) хүрсэн үзүүлэлттэй байна. Геотехникийн илүү нарийвчилсан мэдээллийг боловсруулж, улмаар хөрсний чулуулгийн хувьд амаргүй байдалтай тулгарснаар уурхайн загвар, төлөвлөлтөө дахин шинжлэх шаардлагатай болсон. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үндсэн босоо амны тоноглолын ажил нэн төвөгтэй, ашиглалтад оруулах үйл явц нарийн, цогц зэргээс үүдэн тогтвортой үйлдвэрлэл 2018 оны 10 дугаар сард тооцоолж, мэдээлж байсан есөн сараас ч урт хугацаагаар хойшлох төлөвтэй байна. Энэхүү шинэ нөхцөл байдал нь бүтээн байгуулалтын хуваарь болон төсөв, санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх талаар бид нарийвчилсан дүн шинжилгээ, тооцоолол хийж байна.

Орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутагтай хамтран хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, Ханбогд сумын 600 гаруй хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, Сум дундын малын эрүүл мэндийн төв, Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай зам зэргийг энд дурдаж болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн