Амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлээс гарах чиглэлийн автозамын хөдөлгөөний нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байгаа. Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Баянхангай сумдад Улаанбаатар хотоос 117 дахь км-т Улаанбаатар хот руу чиглэсэн болон хотоос гарч байгаа хөдөлгөөнийг түр хязгаарласан. Мөн Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замд 70 дахь км-т зорчих хэсгийн нэг эгнээ нь бүхэлдээ усанд автсан тул Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байна. Түр хаасан замуудын хөдөлгөөнийг 18:00 цагт нээнэ гэж байгаа боловч хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байгаа юм байна.
Бусад аймгуудын нутгаар ч замын нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Хэдийгээр зорчих хэсэг дээр аюул тулгараагүй ч зорчих хэсгийн хоёр талаар шороон зам усанд урссан байдалтай байгаа юм байна. Зорчих хэсэгт үүссэн эвдрэл, донсолгоог тойрох гэж байгаад осолдох явдал бас нэлээд гарч байгаа аж.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал дараах товч мэдээллийг өглөө. Тэрээр “Их хэмжээний усархаг борооны улмаас бүх замууд нэлээд эвдэрсэн, суларсан байгаа. Ялангуяа том даацын автомашинууд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой явах шаардлагатай байна. Иргэд хаасан замыг өнгөрөхдөө өөр батлагдаагүй замуудаар тойрох гэх мэт байдлаар явахгүй байхыг сануулъя. Өчигдрийн байдлаар зайлшгүй ачаа бараатай том тээврийн хэрэгслүүд зам нээгдэхийг хүлээж байгаа бол жижиг тэргүүдийг буцаасан. Хөдөлгөөн хаасан хэсэгт нийтийн тээврийг ч буцааж байгаа. Онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байхыг иргэдэд анхааруулъя” гэв.