ЦЕГ-аас бүртгэлгүй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар залруулга мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-аас зохион байгуулсан жагсаал цуглааны талаар товч мэдээлэл өгсөн юм.
АН-аас зургадугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг тус дүүргийн Засаг даргад хүргүүлсэн аж. Харин Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм байна. Гэвч зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд АН-ын зүгээс 11:00-12:30 цагийн хооронд жагсаал зохион байгуулсан. Тиймээс хууль бус жагсаал цуглаантай холбоотой албан мэдэгдэл шаардлагыг цагдаагийн байгууллагаас өгчээ. Үүнтэй холбогдуулан 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл зөрчлийн хэрэг нээгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Үүний дараа зургадугаар сарын 12-ны өдөр Гэрлэх ёслолын ордны талбай дээр жагсаал зохион байгуулна гэж бүртгүүлсэн боловч байршлаа өөрчилж зөвшөөрөлгүй газар буюу Австрали Улсын Элчин сайдын яамны гадаа жагссан байгаа юм. НҮБ-ын Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцид зааснаар аливаа улс орны дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Шангри-Ла зочид буудалд Австрали Улсын ЭСЯ байрладаг. Тэгэхээр дээрх конвенци зөрчигдөж, асуудал үүссэн тул жагсаал цуглаан зохион байгуулагчдад хандан цагдаагийн байгууллагаас энэ үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьжээ. Улмаар жагсаал зохион байгуулагч н.Энхсайханы зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан дарамталсан, “нөхөр чинь цагдаа юм байна, дахиж жагсах юм бол нөхрийг чинь ажлаас нь хална. Цагдаа нар ирж барих гээд байна” гэх мэт мэдээллийг удаа дараа тараасан байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллагын зүгээс мөн дараах тайлбарыг өглөө.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Тухайн жагсаал цуглаан зохион байгуулсан н.Энхсайханы гэр бүлийнх нь хүн цагдаагийн байгууллагад тодорхой түвшний удирдах албан тушаал хашдаг хүн байгаа. Жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа хүний ар гэрийг ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагаас дарамталсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ мэдээлэл бол ташаа. Мөн жагсаал, цуглаан зохион байгуулагчдыг баривчлах гэж байна гэсэн мэдээлэлд няцаалтыг өгч байна. Хоёр удаагийн бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан асуудал дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Үүнтэй холбогдолтой мэдүүлэг тайлбар өгөх зарлан дуудах мэдээллийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Түүнээс биш албадан баривчлах гэсэн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулаагүй. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх нь иргэд, нам эвсэл, холбоодын үүрэг” гэлээ.
Цаашид Төрийн болон ТББ, нам эвслэл, холбоод аливаа нэгэн байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх үүднээс жагсаал цуглаан зохион байгуулах тохиолдолд Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг мөрдөх, тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад бүртгүүлэх процедураар явах шаардлагатай. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллагаас мөн л мэдэгдэл шаардлагыг хүргүүлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах болно гэдгийг ЦЕГ-аас анхаарууллаа.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч түүний үүрэг
1. Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана гэж заажээ.