Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар онц ноцтой осол гарч, таван хүний амь нас эрсэджээ. Тодруулбал сумын төвөөс зүүн зүгт 16 км замд Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 18:25 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байж. Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, 5 настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.