Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбооноос өнөөдөр “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийлээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна.
Уриалгад:
Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.
Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна.
Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна.
Үүнд:
- Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
- Шуудангийн хаяг
- И-Мэйл хаяг
- Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар хоёроос доошгүй байна/
Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.
Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе.
“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар
Дэмжин оролцогч байгууллагууд:
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Монголын сайтын холбоо
Харилцаа холбооны зохицуулах хороо
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
Оюуны өмчийн газар