УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж дууссаны дараа хэлэлцэх асуудалдаа орлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт, Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын нийт 76 гишүүний 3/4-аас доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Өнөөдөр УИХ-ын 75 гишүүнээс 60 гишүүн ирж 80 хувийн ирц бүрдсэн байна. 57 гишүүнээс дээш ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх учиртай.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үндсэн хуульд 4 багц асуудлаар 20 зүйлд өөрчлөлт оруулахаар тусгажээ. Ингэснээр Үндсэн хуулийн 28.5 хувьд нь нэмэлт, өөрчлөлт орно гэсэн үг.
Яг одоо хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Дараа нь Байнгын хорооны санал дүгнэлтийг сонсоно.