Эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг зургаадугаар сарын 6-нд баривчилж, хар тамхи наймаалсан хэрэгт буруутган, гэрийн хорионд оруулахад хэвлэл мэдээллийнхэн болон иргэд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байв. Энэ эсэргүүцлийн улмаас түүнийг зургаадугаар сарын 11-нд суллан, хэргийг хаасан юм.
ОХУ-ын Дотоод хэргийн яам цагдаагийн албан тушаалтнууд түүнд сэтгүүлчийн эрэн сурвалжлах ажилд өширхөж, зохиомол хэрэг үүсгэсэн хэмээн дүгнэжээ. Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотын Хар тамхитай тэмцэх хэлстийн дарга, хошууч генерал Юрий Девяткин, Москва хотын баруун дүүргийн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Андрей Пучков нарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан байна.
И.Голунов Москва хотын захиргааны өндөр албан тушаалтнуудын авлигын дуулианыг эрэн сурвалжилж байжээ.
Сэтгүүлч И.Голунов суллагддаг өдөр ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.Колокольцев Ерөнхийлөгч В.Путинд өндөр албан тушаалтай цагдаагийн хоёр хүнийг огцруулах хүсэлт өгнө хэмээн мэдэгдсэн юм. Латвид төвтэй Медуза онлайн сэтгүүлд ажилладаг 36 настай Иван Голуновт тулгасан хэргийг Дотоод хэргийн сайд баримт нотолгоогүй, зохиомол хэрэг гэдгйиг ч мэдэгдэж байв.
Сэтгүүлчийг суллагдсаны маргааш Москва хотын төвд олон зуун иргэдийн жагсаал болсон бөгөөд тэд хууль завхруулдаг албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байв. Хууль бус жагсаал зохион байгуулсан шалтгаанаар цагдаа нар 513 хүнийг баривчилснаас долоо нь 15 хоног хүртэл хоригдох шийтгэл хүлээжээ.