Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Хоёр хүү” хамтлагийн XR: Би мөрөөдлөө биелүүлчихсэн – updown.mn

“Хоёр хүү” хамтлагийн XR: Би мөрөөдлөө биелүүлчихсэн

Монголд анх хип хоп хэмээх урлагийг цоо шинээр үүсгэн байгуулах ажлыг гардан хийж явсан хүний хувьд XR буюу Ч.Өлзийхишигт ярих түүх, сонирхуулах зүйл их. Тэрээр анх “Дайн ба Энх” хамтлагийн гишүүн байсан бөгөөд Гаванатай нэгдсэнээр “Хоёр хүү” хамтлагийг байгуулсан байдаг юм. Тэд өдгөө олон сонсогч фэнүүдтэй болсон Монголын нэр нөлөө бүхий хамтлаг болж чаджээ. “Хоёр хүү” хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан бол өнгөрсөн жил эргэн ирж, шинэ бүтээлээ гаргаж эхлээд байсан юм. Харин одоо тэд дахин завсарлага авч, гэр бүлийн амьдралдаа илүү анхаарч байгаа аж. Энд бид “Хоёр хүү” хамтлагийн тухай гэхээсээ илүү 23 жилийн өмнө сууриа тавьсан хип хоп гэх урлагийн талаар ярилцсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Ч.Өлзийхишигт гэдэг хүн бол Монголын хип хопын түүхийг бүтээлцсэн хүн гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Монголд анх чухам ямар учраас хип хоп гэх урсгалыг дэлгэрүүлэх сэдэл төрсөн бэ. Яг Монголын хип хоп урлаг хэдэн оноос эхтэй вэ гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо?

-1996 онд анх Монголд огт байгаагүй зүйлийг үүсгэн бий болгохын төлөө, түүнийг зөв ойлгуулахын төлөө өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлсэн. Тухайн үед хип хоп урсгалыг гадарладаг зарим хүн үүнийг зүгээр л өргөн өмдтэй, арзгар гуталтай, гудамжинд танхайрдаг хүмүүсээр ойлгодог байхад нь тэр хүмүүст хип хоп урлаг ийм байдаггүй юм гэдгийг мэдрүүлэхийг хүссэн.

-Ер нь анхдагч нь хэн бэ гэдгийг нэмээд асууя?

-1996 онд Хорон партизан /Л.Даш/, Мсит /Д.Энхтайван/ бид гурав энэ замналыг эхлүүлсэн юм. Хорон, Мсит хоёрын ах нар нь биднийг нийлж хамтрахад анх тусласан. Бидний зорилго нэг гэдгийг мэдээд уулзуулж байж билээ. Ингээд бид гурав хип хопыг нийгэмд зөвөөр ойлгуулахын тулд юу хийх вэ гэдгээ төлөвлөөд анх “Рэп элит“нэвтрүүлгийг бэлтгэж шууд хүргэхээр болсон юм. Тэр үед 102.5, 100.9, 107.5 гэсэн гуравхан FM байлаа. Ингээд 107,5 FM-ийн н.Ээнээ ах биднийг хүлээн авч нэвтрүүлгээ хийхээр болсон. Тухайн үед интернэт гэдэг зүйл байхгүй байв. Ухаалаг утас ч байхгүй. Одоогоос 22 жилийн өмнө шүү дээ. Тэгээд АНУ-ын Элчин сайдын яам уруу гүйж ороод, баригдаж гавлуулж байсан хөгжилтэй дурсамж байдаг юм. Уг нь Мсит бид хоёр элчин рүү орж тэндээс хип хопын талаарх мэдээлэл цуглуулах санаатай байсан юм. Дараа нь судалж үзээд АНУ-ын Элчин сайдын яам нь долоо хоногийн мягмар гарагт л хүн оруулдаг гэдгийг мэдэж авлаа. Ингээд тэр дагуу элчинд ороод бид хоёр сэтгүүл, интернэтээс мэдээллээ авч бямба гарагийн нэг цагийн шууд эфирээр нэвтрүүлгээ цацаад нэг жил болсон. Үүгээр л монголын хип хоп урлагийн эхлэл тавигдсан юм. Хип хоп урлаг нь дөрвөн элементтэй. Брек бүжиг, графит, DJ, MC гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Одоо үүнийг бүгд мэддэг болсон.

-Огт байхгүй зүйлийг бий болгоход янз бүрийн саадтай тулгарч байсан байх. Тэр болгоныг яривал их хугацаа орох нь тодорхой. Сонирхуулаад ганц хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач.

-Бид нар студид бичлэгэнд ороход студийнхэн “Хэзээ та нар дуугаа дуулах юм бэ?” гэж асууж билээ. Уг нь бид дуугаа дуулаад байдаг. Гэтэл биднийг хоорондоо ярилцаж байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Бас UFO клубт Дайн ба Энх хамтлагаараа гэрээ байгуулах гэж очоод дуулж сонирхуулсан чинь биднийг бүжиглэхгүй, зүгээр л юм яриад байх юм, ийм дуу гэж юу байхав гээд хүлээж аваагүй.

-Анх үүсч байгаа урлагийг сонирхох хүн олноороо бий болсон нь мэдээж. Маш олон хамтлагууд гарч ирж байсан байх. Тэд өнөөдөр яагаад алга болсон бэ. Энэ урлагт ямар шалгуур байдаг вэ?

-Шалгуур гэх юу байх вэ. Сэтгэл, зүтгэл, мэдлэг л байх ёстой. Тэгэхээр аль нэг нь дутуу болохоор зарим хамтлагууд уусаад байхгүй болдог байх. Түүнээс биш ямар нэгэн хатуу цензур байхгүй.

-Үглэдэг урлагийн анхдагчаар Хар сарнай, Хар тасыг нэрлэдэг. Хип хопын анхдагчийг бас тэд гэж хүмүүс ярилцдаг юм билээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Рэп техно, хип хоп хоёр чинь тусдаа хоёр өөр урлаг. Хар сарнай, Хар тас хамтлагууд болохоор рэп техног гаргаж ирсэн. Харин Дайн ба Энх хамтлаг хип хопыг үүсгэн байгуулсан гэж тайлбарлах ёстой юм. Гэхдээ рэп техночид монголын хүүхэд залууст үглэх урлагийг ойлгуулъя гэсэн ямар ч бодол байгаагүй. Харин монголын хүүхэд залуучуудад хип хоп урлагийг ойлгуулахын тулд зүтгэсэн хамтлаг нь “Дайн ба Энх” юм.

-Үглэдэг уран бүтээлч гэхээр нийтийн дуу сонсдог уу?

-Нийтийн дуучдын бүтээлийг би хэзээ ч урлаг гэж хүлээн зөвшөөрөхгүй. СУИС-ийг төгсөж амжаа ч үгүй байж, тэгээд 10 дуу дуулсан болоод, тэр 10 дууны 5 нь хуучны дуунууд дуулчихаад шууд тоглолт хийнэ. Тоглолтыг нь нутгийн зөвлөл нь ивээн тэтгэнэ. Ингээд тоглолтон дээрээ СТА цол тэмдэгээ авна. Энэ бол байж боломгүй зүйл. Үнэхээр тэргүүлэх зэргийн юм хийсэн хүнд өгөх ёстой байтал тэр өндөр цол хэргэмийг үнэ цэнэгүй болгочихсон. Тэгэхээр тэдний дууг би сонсъё гэж боддоггүй. Харин хуучны сайхан дуунуудаас хааяа сонсоноо.

-Хип хоп өнөөдөр ямар түвшинд явж байна вэ. Яг хүссэн замаар чинь явж чадаж байна уу?

-Монголд хип хоп бий болоод сүүлийн үеийн залуучууд гарч ирсээр байна. Gee, Desant, RokitBay гээд олон дүү нар маань хип хопыг авч явж байна. Тэд бол бидний хийсэн ажлын үр дүн юм. Одоо монголын хүүхэд залуучууд хип хоп урлагийн талаар сайн мэддэг болсон. Манай хип хоп урлаг дэлхийн хэмжээнд яригдахаар болсон байна. Жишээ нь, Америкийн Калифорни мужаас захиалгын дагуу Монголоос хип хоп дууны хөгжмийг нь зохиож бичиж явуулж байна. Ингээд л харахаар манайхан дэлхийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Энэ бол хөгжил. Би үүнийг л хүсч хийсэн юм.

-Таны мөрөөдөл юу вэ. Мөрөөдөлдөө хүрэхэд хэр ойрхон явж байгаа вэ?

-Би мөрөөдлөө биелүүлчихсэн. Монголд хип хопыг үүсгээд, хүүхэд залуучуудад зөв ойлгуулах юм сан гэж бодож мөрөөддөг байсан юм. Энэ мөрөөдөл маань биеллээ олоод явж байна. Тэглээ гээд би зогсохгүй, үхэн үхтэлээ уран бүтээлээ хийх болно. Гэхдээ одоо миний хүсч байгаа зүйл бол сайхан гэр бүл. Би энгийн хүн шиг амьдрахыг хүсч байна.

-Хип хоп гэдэг нь нийгмийн буруу үйлдлийг хатуу шүүмжилдэг онцлогтой урлаг гэж би ойлгодог. Тэгэхээр та улс төр судалдаг уу?

-Судлаад байх юм байхгүй шүү дээ. Нүдэн дээр болохгүй, бүтэхгүй зүйл их хийж байхад түүнийг судлах шаардлага байхгүй. Би хуульч мэргэжилтэй. Хүмүүсийн хийж байгаа зүйл, байгаа байдал ямар байгааг хаанаас ч харж болно. Бүх зүйл нүдний өмнө байна.

-Хип хопыг нялуун урлаг биш гэж боддог. Тэр утгаараа хип хопоор хайр дуулах нь хэр зохимжтой вэ?

-Хайр дуулж болно шдээ. Тэр хайрыг ямар ч өнцгөөс нь дуулж болно. Болохгүй гэж хориглох асуудал байхгүй. Гэхдээ дандаа л хайр дуулаад байх юм бол утгаа алдана. Ямарваа юмыг олон өнцөгөөс нь харах хэрэгтэй.

-XR гэдэг хүн энэ хугацаанд нийт хэчнээн дуу хийж вэ. Бусдад зөндөө л дуу бичиж өгсөн гэдэг. Нэг дуугаа хэдээр үнэлдэг вэ?

-Би өөрөө яг тоолоогүй. Намайг 234 дуу хийсэн байна гэж хүн хэлж байсан. Одоо бас нэмэгдсэн байгаа л даа. Би нэг ч дуугаа зарж үзээгүй, заръя гэсэн бодол ч байдаггүй. Би Монголын хип хоп урлагт зориулж уран бүтээл хийсэн болохоос зүгээр дэлгүүрийн талх шиг зарахын төлөө хийгээгүй.

-Яруу найрагчдын онгод орно гэж яридаг даа. XR-ийн онгод ямар үед ордог юм бол?

-Би ер нь нойр багатай. Тэгээд л шөнө янз бүрийн юм бичмээр санагддаг. Гэхдээ эхэлж дуу болгоно гэж бичдэггүй. Зүгээр л өөрт бодогдож байгаа бүхнээ өгүүллэг маягаар зүгээр л үргэлжлүүлээд л бичдэг. Маргааш нь түүнийгээ редакторлаж, засварлаж, дуу болгодог юм.

-Хип хоп бол нийгмийг шүүмжлэгч. Шашин бол нийгмийг хүмүүжүүлэгч гэж бас зарим хүмүүс үздэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь бурхан байдаг болов уу?

-Шулуухан хэлэхэд, цовдлуулсан тэр хүн хэзээ намайг аврах билээ. Бас арц, хүж уугиулдаг Будда гэж чухам ямар ч бурхан байгаа юм бэ. Хэзээ ч надад туслах юм бэ. Тийм юманд би огт итгэдэггүй. Шашинтай, шашингүй хүн өөрөө ёс суртахуунаараа хүмүүжих болохоос бусдад өөрийгөө таатгаад хүлээгээд сууна гэдэг утгагүй зүйл.

-Түүх, дурсамжаасаа хуваалцаж сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Ярилцлагынхаа төгсгөлд зарим мэдэхгүй хүнд сонирхуулахад, “Хоёр хүү” гэдэг хамтлагийн нэрийг “Дайн ба Энх” хамтлагийн Мсит өгсөн гэдэг. XR нь Дайн ба Энх хамтлагт байхдаа Хишник гэдэг нэртэй байсан юм. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн