Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллаж байна.
Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэж байна.
Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзэж байна.
Тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл бүрдүүлсэн эсэх, үйл ажиллагааны шат дамжлага хэрхэн явагддаг болон албан тушаалтнууд авлигын эрсдэлд өртөж буй шалтгаан, нөхцөлийг нарийвчлан судалж, тогтоох, арилгах хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.