Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудын үнэ ханш, үйлчилгээ зэрэгт анхаарал хандуулж дараах мэдээллийг тоймлон хүргэж байна.
Энэ жил 21 зуслан хүүхдүүдээ хүлээн авна
Нийслэлийн ногоон бүсэд нийт 30 гаруй хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс сүүлийн таван жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь 21 зуслан байна. Энэ жилийн тухайд, хүүхдийн зуслангууд нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авсан бол бусад хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд үйл ажиллагаагаа эхлэсэн байна.
Өдрийн төлбөр нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй
Энэ жил хүүхдийн зуслангийн төлбөр бага зэрэг нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээлснээр “Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Жишээлбэл спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй. Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн” гэж байв.
Сургалтын хөтөлбөрөөс болж үнэд өөрчлөлт орно
Зуслангуудын өгч буй мэдээллээс үзэхэд, зусланд амрагчид өдрийн 30-32 мянган төгрөг төлөх бөгөөд нэг ээлжээ долоо хоногоор тооцож байна. Үнийн хувьд бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160-180 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 180-200 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 200-2020 төгрөгт амрахаар байна. Харин хүүхэд хүлээж авах хуваарийн хувьд, зуслангууд 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд дээрх үнэд өөрчлөлт орж, 20-50 мянган төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. Жишээ нь, танай хүүхэд спортоор тэр бүр хичээллээд байдаггүй бол теннис, хананд авиралт, бөх, бие хамгаалах урлаг зэрэг спорт арга хэмжээнүүдийг сургалтын хөтөлбөртөө тусгаж өгсөн гэдгийг “Хараацай”, “Янзага”, “Маргаашийн хөгжил”, “Жавхлант”, “Өгөөмөр”, “Нарс” зэрэг зуслангийн багш нар хэлж байна.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй зусланд гадаад хэлний сургалт, хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлч байдлыг дэмжих гэх мэт хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдээ төрөлжүүлэн тусгаж өгсөн зуслан 5-6 байна.