Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн долоо хоногоос “бяцхан номын сан”-тай болоод байна. Хэрэглээнээс гарсан, хуучин хөргөгчийг будаж янзлаад энэхүү номын санг хийжээ.
Иргэд, олон нийт амарч тухлангаа, салхилах зуураа ном уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай боломж бүрдсэн бөгөөд нийслэл хотдоо гудамжны номын сан байгуулах санаачлагыг орчуулагч Т.Тара гаргасан юм байна. Тэрээр “Маш том, тэгээд ямар ч үнэмлэх шаарддаггүй, хүн болгон гэрийнхээ номын сан шиг арчилдаг, заавал хэн нэг хүн ажиллуулдаггүй, 24/7 нээлттэй, монгол орны хаа сайгүй тархсан номын сан болж хөгжөөсэй” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ санаачлагыг цаашид үргэлжлүүлэх хүмүүс олон болжээ. Тэд хоорондоо холбогдож, санал бодлоо хуваалцаад эхэлсэн байна. Тэгэхээр удахгүй нийслэлийн бүх дүүрэг, гудамж номын сантай болох нь ээ.
Гудамжны номын сан бас өөрийн гэсэн дүрэмтэй. Тухайлбал, та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх, түр зээлж авах, эсвэл өөр номоор сольж авч болно. Түүнчлэн энэ нь хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тодорхой хэмжээгээр туслах зорилготой аж.
Ингээд гудамжны номын сангийн дүрэмтэй танилцана уу.