Alibaba-г үүсгэн байгуулагч Жек Ма компанийн ажлын график буюу “996”-гаар ажилтнууд өглөөний 09-өөс оройн 09 хүртэл 12 цагийн турш долоо хоногийн зургаан өдөр ажиллах ёстой гэж үзэж байна.
Энэ нь Alibaba-гийн ажилтнууд долоо хоногийн 168 цагийн дор хаяж 72 цагийг ажил дээрээ өнгөрөөнө гэсэн үг бөгөөд үүндээ ч талархаж явах учиртай гэнэ.
“996-гаар ажиллах боломж гэдэг маш том буян хишиг гэж би хувьдаа бодож байна. Олон компани, олон хүн 996-аар ажиллах боломжгүй байдаг. Хэрэв та залуудаа жилд 996-аар ажиллаж чадахгүй бол хэзээ 996-аар ажиллах билээ?
Энэ дэлхий дээр хүн бүр амжилт, сайн сайхан амьдралыг, өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Тэгвэл бусдаас илүү цаг хугацаа, эрч хүчээ зарцуулахгүй бол та яаж хүссэн амжилтдаа хүрэх билээ гэж асуумаар байна. Тэдэнтэй харьцуулахад би өнөөг хүртэл өөрийгөө азтай нэгэн гэж боддог. Би өдрийн 12 цагаар ажиллахаас хэзээ ч харамсахгүй, энэ хэсгээ хэзээ ч өөрчлөхгүй байх сан” гэж Жек Ма хэлсэн байна.
Уг мэдэгдлээсээ болоод интернэтээр шүүмжлүүлж, хорон санаат хөрөнгөтнөөрөө дуудуулсан тэрбээр “996 нь хөдөлмөрийн мөлжлөг биш. Жүжигчин, эрдэмтэн, тамирчин, улстөрчид гээд бүгд л 996-гаар явсан хүмүүс. Яагаад гэвэл тэдний сонирхол нь тэр. Жилд 996-г өөртөө зориулсан хүн мөнгөний төлөө биш, өөрийнхөө хүсэл эрмэлзэл, аз жаргалыг олох ёстой” гэжээ.
Харин хүмүүс “Америк ажилтныг 996-гаар ажиллуулах гээд үз дээ. Тэд шууд л шүүхэд өгнө. Та Хятадад хэт их ажиллах ёстой гэж сурталчилж байна. Учир нь Засгийн газар Хөдөлмөрийн хууль тогтоомжоо өөрчлөхгүй, харин корпорациуд өөрт ашигтай байлгахын төлөө бүгдийг хийж байна. Хүнд ажлын тухай ярьчихаад цалин хөлсний талаар дуугүй байх нь бусдын хөдөлмөрийг мөлждөг хүмүүсийн хэл юм” гэж мэдэгджээ.
Жек Ма ердөө л дөрөвхөн жилийн өмнө ажилдаа хэт их цаг зарцуулж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж чадаагүйдээ хамгийн их харамсаж байгаагаа ярьж байсан. “Хэрвээ надад дараагийн амьдрал гэж байгаа бол би хэзээ ч бизнес эрхлэхгүй байсан. Би өөрөө өөрөөрөө л байж, амьдралынхаа баяр баясгаланг мэдрэхийг хүсч байна” гэж байлаа.
Сонирхуулахад Хятад улс жил бүр хэт ядаргааны улмаас амиа алдсан хүмүүсийн тоогоороо Японы араас ордог. 2014 онд энэ тоо 600 мянгад хүрч байлаа. Өөрөөр хэлбэл өдөрт 1600 орчим хүн сунаж унатлаа ажилласнаас болж амиа алддаг.
Хятадын Хөдөлмөрийн хуулиар сард 36-аас дээш илүү цагаар ажиллахыг хориглодог. Харин Alibaba болон JD эрх мэдлээ хэтрүүлэн, хүмүүсийг илүү цагаар ажиллуулдаг газрын тоонд багтдаг байна.
Эх сурвалж: lifter.com.ua