Согтуурсан үедээ хүний эрүүл мэнд, амь насанд халдсан гэх хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдсээр байна.
Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр 54 настай эмэгтэй У-г түүний хамтран амьдрагч 49 настай эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ маргалдаж духны хэсэгт нь хутгалж гэмтээсэн хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэгт шалгагдаж байна. Мөн Дорнод аймгийн Гурван загал сумын төвд хутгалуулсан хүн хүргэгдэн ирж нас барсан хэрэг энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг шалгахад, иргэн М, Т, О, Э, О нар нь хамтдаа архидан согтуурсан байжээ. Маргааны улмаас Г гэгч нь 28 настай М-ыг цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.
Тэд бүгд согтуурсан үедээ хүний аминд хүрчээ. Иймд согтууруулах ундаанаас татгалзах, эсвэл тохируулан зөв зохистой хэрэглэхийг сануулж байна. Эс бөгөөс согтуурсан үедээ иргэд ухаангүй үйлдэл хийж, амьдрал, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дээрх хэргүүдээс харж болно.