“Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая үзэгчдийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсад аялан тоглолт хийхээр эх орноосоо мордож, анхны тоглолтуудаа Европын хотуудад амжилттай хийж байна.
МУГЖ, продюссер Б.Дашдондог олон жилийн турш судалгаа хийж, төлөвлөсний үндсэн дээр “The Hu” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан байдаг. Саяхан тус хамтлаг гурав дахь уран бүтээл болох “Shoog Shoog” дуугаа цацаад байна.
Тэдний “Wolf Totem” дуу Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдэж, “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн юм. Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байсан. Харин “Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт орж байсан билээ.
АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байдаг. Гэхдээ энэ бол дөрөвдүгээр сарын үзүүлэлт.
Монголын нэрийг олон улсад цоо шинэ урсгалаар таниулж буй тэдний “Wolf Totem” дууг одоогоор 12 сая, “Yuve yuve yu” дууны клипийг 17 сая хүн үзжээ. “Энэ бол маш бага тоо байна, үүнээс ч олон хүнд хүрэх болно” гэж гадаадын нэгэн иргэн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сануулахад, “The Hu” хамтлаг 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо ирэх есдүгээр сарын 13-нд худалдаанд гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байна.