Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгаа”-г нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү судалгааныхаа үр дүнг Төслийн хамтрагч холбогдох байгууллагууд болон донор байгууллагуудын төлөөлөлд өнөөдөр (2019.06.12) танилцууллаа.
Уг арга хэмжээг нээж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага асар өндөр байгаа” гэдгийг онцолсон юм. Мөн төсөл хэрэгжүүлсний үр дүнд түүний үр шимийг хүртэгч хүүхэд, багш, ажилчдын өвчлөл буурч, өрхийн орлогод эергээр нөлөөлсөн үр дүнгүүд гарсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Сургууль цэцэрлэгт их засварын ажил хийгдсэнээр төслийн үр шим хүртэгч хүүхдүүд, эцэг эх, багш ажилчдад эрүүл мэнд болон нийгэм, эдийн засаг талаасаа тэдний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж, үр ашгаа өгч байгааг тоо баримттай судлан гаргаж ирэхийг зорьсон гэдгээ судалгааны багийнхан танилцуулгадаа онцолж байсан юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс