УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.06.12) хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн уг хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 42 гишүүний 27 нь буюу 64.3 хувь нь дэмжив. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг өнөөдрөөс дагаж мөрдөнө.
Дараа нь Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг гишүүдийн 86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг томилохыг 84.4 хувиар баталлаа.
Мөн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.8 хувийн саналаар дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Харин дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад 46 гишүүний 73.9 хувиар санал дэмжигдлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 73.9 хувь нь дэмжив.
Чуулганы хуралдаан Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.