Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.
Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв.
Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм.
Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болголоо.
Үлдсэн хугацаанд “Талын хөх чононууд” хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт эрх авч чадлаа.