Үндэсний статистикийн хороо Монгол улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг сар бүр танилцуулдаг билээ. Энэ дагуу өнөөдөр 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг хүргэснээс бид дундаж цалингийн статистик мэдээллийг онцлон танилцуулж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 1 дүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 62.9 (9.7%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 83.5 (13.0%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.8 (32.6%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 144.2 (22.5%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 35.5 (5.5%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 107.3 (16.7%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол 1100001-1300000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.0 мянгаар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 784.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 890.5 мянган төгрөг, Төвийн бүсэд 983.4 мянган төгрөг, Хангайн бүсэд 1010.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 147.7-373.0 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.6 мянган төгрөгөөр их байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 603.1 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 159.5 (16.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 37.6 (3.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 159.5 (16.0%) мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 382.6 (15.7%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 279.9 (15.9%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 264.4 (26.4%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 249.6 (22.1%) мянган төгрөг, барилгын салбарынх 219.0 (21.3%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 177.5 (21.1%) мянган төгрөг, боловсролын салбарынх 167.8 (22.7%) мянган төгрөг, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 163.5 (21.4%) мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 137.4 (19.7%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 132.4 (15.9%) мянган төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 130.8 (21.5%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат компанид болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 120.8- 292.0 (10.4%-25.2%) мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 896.9 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 910.7 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 914.7 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 548.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 243.2-609.4 (21.0%-52.6%) мянган төгрөгөөр бага байна.