Малайз улсын Авлигын эсрэг хорооны өмнөх дарга Мод Шукри Абдул хоёр жилийн гэрээт хугацааныхаа талд нь ажлаа өгч буйгаа ямар нэгэн дарамт, шахалттай холбоогүй, халагдаагүй тухайгаа тайлбарлажээ. Мөн тэрээр олон нийтэд хандан шинээр томилогдсон удирдлага болох хатагтай Латифа Кояагийн цаашдын ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Тэрээр хэвлэлийн хурлын үеэр “Намайг халсан гэх яриа нь ор үндэслэлгүй зүйл, Авлигын эсрэг хорооны даргын ажлыг өгч буй үйл явдлыг тайвнаар хүлээж авахыг олон нийтээс хүсье. Би хэзээ ч авлига авч байгаагүй, нэг центийг ч эрх мэдлээ ашиглан буруу зарцуулаагүйн дээр нэг ч хэргийг дарагдуулж, хаагаагүй” гэж мэдэгджээ.
Түүний гэрээт хугацаа нь 2020 оны сүүлээр дуусах байсан ч Ерөнхий сайд Махатир Мохамедийн засаг захиргааны нөлөөгөөр хугацаанаасаа өмнө ажлаа өгч байна гэх эргэлзээ ч байгаа билээ.
Өдгөө 59 настай ноён Шукри нь тус хороонд ажиллаж байгаад 2016 онд “хүчээр” тэтгэвэрт суусан ч өнгөрөгч оны 5 дугаар сард хорооны даргаар томилогдон дахин ажиллах болсон юм. Ингэхдээ тэрбээр хоёр л ажлыг гүйцэтгэх гэж ирсэн хэмээн ярьсан байдаг. Нэгт, өмнө нь ерөнхий сайд болон сангийн сайдаар ажиллаж байсан Нажиб Разактай холбогддог “1Малайз Девелопмент” Олон нийтийн хязгаарлагдмал компанийн хэрэг /1Malaysia Development Berhad scandal/-ийг мөрдөн шалгах ажил. Хоёрт, Авлигын эсрэг хорооны дотоод асуудал, ажилчдын зөрүүтэй байдлыг арилгах гэжээ.