Өнөөдөр хоёр орны удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалт болсны нэг жилийн ой тохиож байгаа. Харин мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авсан хэмээн мэдэгдлээ.
Д.Трамп Ким Жөн Унаас халуун дулаан захидал ирсэн, цаашид маш эерэг зүйлс болно хэмээн найдаж байна. БНАСАУ Ким Жөн Уны удирдлага дор хөгжих асар боломжтой. Цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалт Сингапурт болсноос хойш нэг жил өнгөрсөн ч хоёр талын цөмийн хэлэлцээрт ахиц гараагүй байна. Энэ уулзалтын үеэр талууд Солонгосын хойгт тогтвортой энх тайван дэглэмийг тогтооход хүчин чармайлт гаргахаар тохиролцсон боловч БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаарх тодорхой зорилтыг тусгаагүй юм.
Тэд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсан ч талууд цөмийн зэвсгээс ангижрах явц болон хориг арга хэмжээний талаар санал зөрөлдсөний улмаас уг уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ.
Эх сурвалж: The New York Post