Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төсөл хүлээн авах ажиллагаа тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдлаа.
Төсөл хүлээн авах ажиллагааг 21 аймаг, Улаанбаатар хотын 3 цэг дээр зохион байгуулалтын өндөр түвшинд нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487,196.3 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэжээ. Үүнээс хөдөө, орон нутагт 20.0 сая-200.0 сая төгрөгийн 1,341 иргэн, аж ахуйн нэгжийн 105,930,4 сая төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хот буюу ЖДҮХСан дээр 1,411 иргэн, аж ахуйн нэгжийн 381,265.9 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Энэ жилийн төсөл хүлээн авах ажиллагаа олон нийтэд ил тод, мэдээлэл сайтай, бүх талын зөвлөгөө дэмжлэгийг тухай бүрт үзүүлж ажилласнаар өмнөх жилүүдээс төсвийн хэмжээ 2 дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгджээ.
Зээлийн хүсэлтийн дүнг батлагдсан төсөвтэй харьцуулахад 10.3 дахин их буюу 440.2 тэрбум төгрөгийн илүүдэл эрэлт бий болсон байгаа нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр, бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бодлогоор дэмжихэд ихээхэн хөрөнгө шаардлагатай, мөн өрсөлдөөн ихтэй байгааг харж болохоор байгаа юм.
Энэ удаагийн ЖДҮХСангаас 1,429 аж ахуйн нэгж, 1,323 иргэн зээл хүссэн байна. Үүнээс, орон нутагт 828 иргэн, Улаанбаатарт 495 иргэн төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа нь өмнөх онуудаас 2-3 дахин ихэссэн байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй, зохион байгуулалт сайтай байсны дүнд жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамрагдах нөхцөл бүрдсэн гэж яамны зүгээс үзэж байгаа юм.
Дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 143,497.0 сая төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д бүртгэгдээд сонгон шалгаруулалтанд оролцоход бэлэн болсон гэж мэдээллээ.
Дараагийн шатанд батлагдсан дүрэм журмын хүрээнд төсөлд тавигдах шаардлага болон төслийн иж бүрдлийг зэрэг шалгах бөгөөд ЗГ-ын тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийн 20.2-т заасан эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй, шууд хасагдах нөхцөл байдал бий болох юм байна.
Эхний шатны төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийн шаардлага хангасан төслийг ЖДҮХСан болон Аймгийн ХХААГазар тус хариуцан журмын хүрээнд дараагийн төслийн шатны шалгаруулалтанд автоматаар шилжүүлэн тухай бүрт олон нийтийн мэдээлэлээр мэдээлж ажиллах аж.
Мөн өмнө нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож байсан зарим нэг албан тушаалтаны хариуцлагагүй, ёс зүйгүй байдлын улмаас ах, дүү амраг садандаа төсөл авч өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон дээрх байдалд хяналт тавьж ажиллаагүй албан хаагчид шат шатны хариуцлагын арга хэмжээг авах гэнэ. Цаашид төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулах тал дээр ХХААХҮЯам, ЖДҮСХСан ихээхэн анхааран ажиллахаа мэдэгдлээ.