АН-ын дарга С.Эрдэнийг тус намын орон нутгийн гишүүд, аймгийн Ардчилсан намын хорооныхон эсэргүүцээд эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдөр (2019.06.09) АН-ын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийх гэсэн боловч энэ үеэр түүнийг аймгийн АН-ын гишүүд эсэргүүцэн, жагсаж хүлээж аваагүй байна.
Дундговийн АН-ынхан намын даргаа эсэргүүцэж, 15 үндэслэл бүхий огцрох шаардлагаар лоозон хийж угтжээ. “АН бол С.Эрдэнийн өмч биш”, “АН бол МАН-ын дагуул биш”, “АН-ыг мөнгөний нам болгосон С.Эрдэнэ огцор”, “С.Эрдэнэ, Б.Дэлгэрмаа, Р.Амаржаргал нарт АН-ыг удирдах эрх байхгүй”, “С.Эрдэнэ та намын гишүүд болон ард түмний дэмжлэггүй болсон”, “Төрийн ордныг гудамжны үгээр дүүргэсэн С.Эрдэнэ огцор”, “Үргэлж үл бүтэх юманд орооцолдогч С.Эрдэнэ үтэр түргэн намаас зайл” гэх мэт лоозонгуудыг гудамжинд тавьж, 15 үндэслэлийг дурдсан хэвлэмэл материал тараасан байна.
Мөн “Дундговь аймгийн АН бол парламентад 2000 онд ганцаарханаа суудал авчирсан. Энэ намыг С.Эрдэнэ сүйрүүлж байна. Зөвхөн энэ эсэргүүцлийн төлөө С.Эрдэнэ цуглаанаа хийж чадахгүй, өнөөдөр хөдөлмөрчидтэй хийх уулзалтаа цуцалж байна. Төрийн том хүн ийм шившигтэй байж болохгүй. АН-ыг С.Эрдэнэ хэзээ ч удирдаж чадахгүй. Үнэхээрийн зориггүй, айж ичиж байгаа хүн яаж АН-ыг удирдах юм бэ, хэзээ ч чадахгүй” хэмээн хэлж байжээ.
Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувь, Нийгмийн даатгалын сан зэргийг огцруулах үндэслэлүүддээ дурдаж, эдгээр асуудлаасаа хурдан салахыг шаарджээ. “Энэ эсэргүүцлээс айсандаа АН-ын дарга уулзалтаа цуцалж, буцаад явлаа” гэж АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн болон Дундговь аймгийн АН-ын зарим гишүүд хэлж байсныг түүний өрсөлдөгчид олон нийтийн сүлжээнд тараасан байна.
С.Эрдэнэ анх АН-ын даргаар сонгогдсон цагаасаа нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтээс багагүй шүүмжлэл хүртэж байсан юм. Нэгэн нийтлэлч “Ардчилсан намын даргын сонгуульд МАН яллаа” гэж хүртэл бичиж байсан удаатай.
АН-ын орон нутгийн гишүүд нь С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдол ганц Дундговь аймагт бий болсонгүй. Тавдугаар сараас эхлэн Төв, Говь-Алтай, Сүхбаатар, Дархан-Уул зэрэг аймагт мөн ийм эсэргүүцэл өрнөөд байгаа юм байна. Жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Орон нутгийн намын хороо, гишүүдээсээ дэмжлэг авч чадахгүй байгаа АН-ын дарга УИХ-ын сонгуульд яаж оролцох гэж байгаа юм бол?
2 comments
Nuguu neg huntei jagsaalaa yun surjin bichine ve, shinechleliin hudulguun Hurelsuhees mungu avsan ni udahgui il bolno
Нэр нүүрээ барсан энэ хүн татвар төлөгчдийн мөнгө үрж энд тэнд очиж хөөгдөхөө болиоч,ичиг ичиг