БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ.
БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал нэлээд байдаг байна.
БНСУ-ын Эрүүгийн хуульд заасан хүний амь, танхай-хүчирхийлэл, барьцаалах, зодох, гэрийн хорионд байлгах, дарамтлах, бэлгийн хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргийн хохирогч болсон тохиолдолд дээрх тогтолцоонд хамрагдах боломжтой.
Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо хэмээн хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээд хамаарахгүй ажээ.
Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go.kr цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой тухай БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
2019.06.10