Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн бирж 28.1 тэрбум төгрөгийн түүхий эд арилжлаа. Арилжааны үнийн дүн өмнөх долоо хоногийн түвшнээс гурван тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн боловсруулаагүй, бараан ноолуурын арилжаа дийлэнхийг бүрдүүлдэг хандлага хэвээр хадгалагдлаа.
Өнгөрсөн долоо хоногийн гурван өдөр боловсруулаагүй адууны шир арилжсан байна. 221 мянган ширхэг боловсруулаагүй адууны ширийг ширхгийг нь 8000 төгрөгөөр арилжжээ. Засгийн газрын шийдвэрээр “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл, сүүлгүйгээр арилжаалахаар болсон юм. Энэхүү ажлын хүрээнд адууны ширний арилжаа идэвхжээд байгаа ажээ.
Үүнээс гадна ямааны ноолуурын үнэ оргил үеэсээ эргэн буураад байна. Тухайлбал, гуравдугаар сарын эцсээр боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 135 мянган төгрөг хүрээд байсан бол сүүлийн хоёр сард эргэн буурсаар хамгийн сүүлийн арилжаагаар 109 мянган төгрөг хүрчээ. Харин боловсруулаагүй бараан ноолуур кг нь 133 мянган төгрөг хүрч өсөөд байснаасаа эргэн буурч, сүүлийн арилжаагаар 113.5 мянган төгрөг хүрээд байна. Хонины завод ноосны үнэ 2000 төгрөгт тогтвортой байгаа ажээ.
Эх сурвалж: gogo.mn