И март худалдааны төвд гарсан галын талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 12:30 цагт хүлээж авсан. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна.
Гарсан галыг унтраасан гэж мэдэгдэж байгаа бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин бид газар дээрээс нь сурвалжлахаар очиж, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Холбогдох албаныхнаас мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. Биднийг очих үед И март худалдааны төвийн гадаа 103 түргэний автомашин 2, Гал түймэр унтраах, 10 дугаар ангийн машин 3, 105 дугаар ангийн автомашинууд зогсож байлаа. Угаарын гашуун үнэр нэлээд их байна.
Галын шалтгаан нөхцлийг тогтоох болоогүй ч урьдчилсан байдлаар 1 дүгээр давхрын АТМ-ы пускателиас шалтгаалсан байж болзошгүй аж. Эмнэлгийн байгууллагад 2-3 хүн хүргэгдсэн ч буцаад ирсэн гэсэн мэдээлэл байна. Биднийг очиход 1 иргэн 103 түргэний машинд биеийн байдал хүнд байдалтай сууж байсан юм. Улмаар түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр авч явав.
И март худалдааны төвд үйлчлүүлж, авто зогсоолд нь автомашинаа байрлуулсан иргэд нэлээд бухимдалтай байлаа. Тэдний зүгээс машинаа авахыг хүссэн ч одоогоор нэг ч хүн оруулж гаргахгүй байгаа тул боломжгүй гэдгийг учирлан хэлж, бусад ажлаа амжуулж байхыг зөвлөж байв. Харин машины эзэд яаралтай ажилтай тул машинаа шаардаж байна. И мартын ажилтнууд зогсоолд байгаа машины дугаар болон жолооч нарынх нь нэрийг тэмдэглэн авчээ.
Хамгийн гол нь гал дахин дэгдэж, иргэд өмч хөрөнгөөрөө хохирох дээрээ хүрвэл яах вэ гэдэг айдас, бухимдал үйлчлүүлэгчдэд байна. Мөн наад зах нь түймрийн утааны тортог болж, угаарын үнэр шингэсэн машиныг хэн цэвэрлэж өгөх вэ гэдэг асуултыг ч тэдний зүгээс тавьж байлаа.
И март-аар үйлчлүүлж байсан иргэдээс болсон явдлын талаар тодруулахад, ямар ч зохион байгуулалтгүй байгууллага байна. Тэдний хэлснээр зарим давхарт, мөн зарим хэсэгт аваарын дохиолол нь сонсогдоогүй гэнэ. Дохиолол удалгүй дуугарахаа больж, узелиэр үйлчлүүлэгчдэд хандан, хуурамч дохиолол байсан тул сандарч тэвдэх шаардлагагүй, удахгүй үйлчилгээ хэвийн үргэлжилнэ гэсэн мэдээллийг өгсөн байна. Гэтэл дахин замбараагүй байдал үүсч, үйлчлүүлэгчдийг яаралтай гарахыг шаардаж эхэлжээ. Иргэд: “Анхнаасаа аюулын дохиогоор зохион байгуулалттайгаар арга хэмжээ авах ёстой байсан”, “Шуурхай арга хэмжээ аваагүйгээс болж цаг алдсан”, “Гал унтраагчаа барьчихаад хаана гал гарч байгаагаа мэдэхгүй будилж гүйлдээд байсан” гэх мэт мэдээллүүдийг өглөө.
Зарим хүмүүсийн хэлж байгаагаар пиццаны тасгийн дэргэдэх хаалгаар маш их өтгөн хар утаа гараад эхэлсэн гэнэ. Мөн зарим нь 3 дугаар давхар дахь жорлонгийн ойролцоох хаалганааас маш их утаа гарч эхэлсэн гэж ярьж байна.
Ямартай ч одоогийн байдлаар И март худалдааны төвийн ойр орчимд угаарын гашуун үнэр тархсан, баруун дээд хэсэг буюу дээврийн хэсгээс нэлээд хар утаа суунагласан байдалтай байна.
2 comments
Yaruulaad garguul negiigee daraad alchihiishdee, meddeg ymaa bicheech
Olon hun tcugalsan gazar yavah osoltoi hetcuu2.