Монголын үндэсний балет улсын гуравдугаар уралдааныг энэ сарын 8, 9-нд БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэйгээр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Балетын улсын гуравдугаар уралдааны талаар өнөөдөр /2019.06.07/ Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг болон уралдаанд оролцох бүжгийн сургуулийн төлөөллүүд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг “Монголын үндэсний балет” улсын гуравдугаар уралдаанд анх 100 гаруй хүүхдүүд оролцсон. Дараа жил нь 130 орчим, энэ жил 190 хүүхэд оролцож байна. Монгол Улсын хэмжээнд балетын урлаг хэрхэн хөгжиж байгааг энэ улсын уралдаанаас харах бүрэн боломжтой. Монголын балетын хөгжлийн сан анх 2010 онд байгуулагдаж, 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай сангаас 2014 оноос эхлэн “Цөмөөхэй” балетыг тасралтгүй зохион байгуулж, 1000 гаруй хүүхдийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гаргаад байгаа гэв.
Мөн Д.Алтанхуяг хэсэг хугацаанд АНУ-ын Нью-Иорк хотын балетын сургуульд дасгалжуулагч багшаар ажилласан. Эх орондоо ирээд долоо хонож байна. Өөрийн балетын компанийг байгуулах бэлтгэл ажил, төлөвлөгөөг гаргаж байгаа. Би Нью-Иорк хот дахь дэлхийн 170 гаруй орны нэгдсэн ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын бүжгийн зөвлөлийн гишүүн болж, Монголын сонгодог урлагтай хэрхэн холбох тал дээр ажиллахаар болсон гэв.