Хуульч, өмгөөлөгч Б.Батжаргалын Өдрийн сонины 2019 оны 06 сарын 06-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 


-Сонгуулийн тогтолцоог зайлшгүй засах шаардлагатай гэж ярьсаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирээд байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулиа өөрчилж байна. Гэхдээ зөвхөн хуулиа өөрчлөөд зогсохгүй сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг зуршилтай боллоо. Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр нэр дэвшигчид, ажиглагч, сонгуулийн ажилтнуудыг бэлтгэх, нөгөө талаар сонгуулийн тогтолцооноос хамаарсан бодлогын онцлогуудаас нь үүдэн улс төрийн ямар нөхцөл байдал байгаагаас хамаарч сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх хандлагатай болж байна уу даа гэж харахаар байна.

Улс төрийн намуудын рейтинг, иргэдийн итгэл суларсан үед сонгуулийг томсгосон мажоратор, эсхүл холимог системийг илүүтэй хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл, эх баригч нам өөртөө зориулсан тоглоомын дүрмээ тогтоодог байдал уламжлал болчихоод байна. Өнөөдөр гурав дахь хүчин гарч ирж болзошгүй байгаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан гишүүд дахин нэр дэвшиж магадгүй байгаа, бие даагч электрорат хөдөлгөөн үүссэн бие даагчид олноор сонгогдох боломжтой байгаа гэх мэт нөхцөл байдлаас үүдэн сонгуулийг нэг тойрог болгон явуулахаар шийдэж байх шиг байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өгсөн зайлшгүй нэг тойрог болох ёстой гэсэн байр суурьтай санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэлээд буй үндэслэл нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар засаад явах боломжтой гэж үзэж байна. Иймд сонгуулийг нэг тойрог болгох байр суурийг дэмжихгүй байгаа.

-Монгол улс-нэг тойрог байх сонгуулийн тогтолцооны талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Сонгуулийн тогтолцооны үүднээс бол нэг тойрог гэдэг нь мажоратор систем. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийн хувьд Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болно гэсэн үг. Үүнийг хүмүүс пропорциональ системтэй хольж ойлгож болохгүй. Пропорциональ систем бол хувь тэнцүүлсэн систем. Тэгэхээр сонгуулийн нэг тойрог бүхий мажоратор систем нь хувь тэнцүүлэхгүй, намын төлөө санал өгөхгүй.

Улс орны хэмжээнд нэр дэвшигчид бүртгүүлж, иргэн нэг л санал өгнө.

Ингээд хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм.

-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?

-Тогтолцооны хувьд тохиромжгүй л дээ. Сонгуулийн саналын хуудас хэрхэх, санал худалдсан маргаан гарсан тохиолдолд хэрхэн саналыг дахин тоолох гэх мэт олон асуудлууд хүндэрдэг. Хар машинаар тоолж байгаа ч хэдэн мянган хүний нэрнээс иргэн сонголт хийхэд бэрхшээл гарч ирнэ, нөгөө талаар санал тоолох ажиллагаанд сааталд орвол яах вэ. Хяналтын тооллогыг гараар хийх тохиолдол гарвал юу болох вэ. Зэрэг олон асуудлуудаас үүсвэл маргаан гарах байх. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны сонгууль томсгосон мажоратор тогтолцоогоор явсан. 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг мартаагүй гэж найдаж байна. Учир нь ажиглагчид хоёр, гурав хоног нойргүй гараар санал тоолсон. Хэдийгээр 2012 оноос хар машинаар санал тоолж байгаа ч гараар хяналтын тооллого хийдэг гэдгийг мартаж болохгүй.

-Гадаад улс оронд ийм тогтолцоогоор сонгуулиа хийсэн улс орон бий юу?

-Дэлхий дээр дээрх тогтолцоог хэрэгжүүлдэг улс орныг би хувьдаа мэдэхгүй байна. Энэ тогтолцоог парламентын гишүүдийг сонгохоос илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд ашигладаг.

-Гадаадын жишээ баримтуудыг харахад ийм тогтолцоо нь томоохон намуудад илүү ашигтай байдаг гэнэ лээ. Энэ тогтолцооны давуу болон сул тал нь юу юм бол оо?

-Томсгосон мажоритар систем улс төрийн томоохон хүчнүүдэд ашигтай байдаг гэдгийг 2008 оны сонгууль харуулчихсан. Өөрөөр хэлбэл, жижиг намууд дэд бүтэц, намын үүр, дэмжигчид цөөн байдаг учраас сонгуулийн санхүүжилтийн хувьд тэгш бус өрсөлдөөнийг бий болгодог. Том намууд бол сонгуулийн сурталчилгаа, ажиллах хүчний хувьд санаа зоволтгүй шүү дээ.

-Хэрвээ сонгогч нэг хүнд саналаа өгвөл сонссон дассан нэрийг дугуйлдаг гэдгийг судалгаа харуулдаг. Тэгэхээр иргэд сонссон дассан хэдэн нэрсээ дугуйлж, улмаар цөөхөн хүн сонгогдож, танхим дүүрэхгүй байх эрсдэл бий юу?

-Маш олон нэрс дундаас хүн хамгийн их сонссон, хамгийн олонд танигдсан улстөрчдийгөө дугуйлдаг. Иймд улс төрийн рейтингийн судалгаагаар дээгүүрт бичигдэж байгаа гишүүдэд ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан гэх мэт улс төрчдөд ашигтай.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөрөө дагалдах олон хуулиудад өөрчлөлт орох байх. Энэ талаар ярихгүй юу?

-Сонгуулийн хуулийн төсөл олон нийтэд ил биш байна. Түүнийг харж байж, тодорхой хариулт өгмөөр байна.

-Тухайлбал, Сонгуулийн сурталчилгааны хуульд өөрчлөлт орох болов уу. Нэг эргэлзэж буй асуудал нь 700 хүн нэр дэвшлээ гэж бодоход сурталчилгааны материал болон гишүүдийн танилцуулгыг хэрхэн зохицуулах бол?

-Өөрчлөлт оруулах байх гэж бодож байна. Бие даагчид ялангуяа хэвлэлийн цаг гэхэд л олдохгүйд хүрэх болов уу. Сонгогчдод очдог сурталчилгааны цааснуудаас өгсүүлээд хүндрэлүүд гарах байх.

-Энэ тогтолцоо Сонгуулийн төсвийг танах боломжтой юу?

-Төсөв танагдана гэж бодохгүй байна. Сонгуулийн санал авах байр цөөрөхгүй, сонгуулийн хороодын тоо буурахгүй болов уу.

-Ялсан нам нь үргэлж сонгуулийн дүрэм зохиодог гэх асуудлыг ярьж байна л даа. Энэ хуулиар үүнийг зогсоох боломж бий юу?

-Боломжгүй.

Эх сурвалж: Б.Амартүвшин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн