Петро Чайна Дачин Тамсаг Монгол компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байна гэх сэдвийн дор Монгол Улсын Зөвлөх инженер Д.Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ оны нэгдүгээр сард Төрийн бус гурван байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар түүнд хүсэлт тавьжээ. Ингээд Петро Чайна Дачин Тамсаг Монгол компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матат сум дахь 19, 21 дүгээр талбай дээр ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийг гаргаж, монголчуудыг ажиллуулах талаар судлан тухайн сараас ажиллаж эхэлсэн аж.
Тэрээр цааш ярихдаа “Зам тээврийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Автотээврийн үндэсний төв гээд холбогдох байгууллагуудад хүсэлтээ тавихад сайн хүлээж авсан. Явцын дунд дөрөвдүгээр сард нэг ч кран Хятад Улсаас оруулж ирэхгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 20-доор Өвдөг баянхошууны боомтоор хууль бусаар 6 кран оруулж ирлээ гэдэг мэдээлэл аваад би хоёр хүний хамт тэнд зургадугаар сарын 2-5-нд ажиллаад ирлээ. Маш ноцтой зөрчлүүд илэрсэн. 6 кран нь ачааны автомашины зөвшөөрлөөр орж ирсэн байна. Энэ нь технологийн тээврийн буюу тусгай зөвшөөрлөөр бус нэг удаа нэвтэрдэг тээврийн зөвшөөрлөөр ороод иржээ. Хэн яаж оруулж ирснийг хууль хяналтын байгууллага дараа нь шалгах байх. Энэ асуудлаар бид шахалт үзүүлж Төрийн байгууллагуудад маш олон бичиг явуулсан. Автотээврийн үндэсний төвийн дарга Батсайханаас хууль бусаар оруулж ирсэн тээврийн хэрэгслүүдээ тавдугаар сарын 30-ны дотор гарга гэсэн бичиг өгсөн. Харин тус компанийн зүгээс “Танай улсын шийдвэр бидэнд үйлчлэхгүй. Толгой компани л гарга гэвэл гаргана” гэжээ. Мөн монголчуудаар зөвхөн хог цэвэрлэгээний л ажил хийлгэвэл хийлгэнэ, том өргөгчөөр цамхагийг монголчууд буудгаж чадахгүй гэсэн. Би тэнд байгаа монголчуудаас асуухад 16-аас дээш жил ажилласан бид чадна гэж байгаа. Хятадуудын краны хажууд монголчуудынх дандаа шинэ кран байна. Бас монголчуудыг хятад хэл мэдэхгүй гэнэ. Краны хэл бол дохионы хэл байх ёстой. Жишээ хэлье, оруулж ирсэн 6 кранаар 7 цамхаг буулгажээ. 1 цамхаг буулгахад 100 сая доллар байдаг гэнэ. Тэгэхээр 700 сая доллар манайхаас аваад явчихжээ гэсэн үг. Нэг талдаа Петро Чайна Дачин Тамсаг компани монголчуудаас зүгээр юм аваад байна. Үүнд би хэн нэгнийг буруутгах гээгүй, Төр үүнийг анхаарч, арга хэмжээ аваач.
Ингээд явж байтал нөгөө 6 кран чинь 10 гаруй кран болчихсон. Бичигтийн боомтоор яг дээрхийн адил кран оруулж ирсэн байна. Бид хөөсөөр байгаад хил дээр аваачаад жолооч нарыгаа авч яваад нуучихна. Хэн ч хөдөлгөж чадахгүй үлддэг. Бид хоёрыг нь бариад авсан чинь 21 дүгээр талбайгаасаа 19 дүгээр талбай руу явчихаж байгаа юм. Баянхошууны боомтоор орж ирсэн нь 21 дүгээр талбай дээр, Бичигтээр оруулж ирснийгээ 19 дүгээр талбай дээр ажиллуулдаг юм байна. Тэгээд оруулж ирсэн техникүүдээ хооронд нь сольж Төрийн байгууллагынхны толгойг эргүүлдэг юм байна.
Хоёрдугаарт янз бүрийн тракторууд оруулаад ирчихсэн гагнуур хийгээд явж байна. Хятад дугаар дээр нь зүгээр нэг Монгол дугаар хадчихсан. Зарим нь хятад номертойгоо байна. Тэдгээрийг ачааны машин дээр ачаад тоног төхөөрөмж гэж оруулж ирдэг байна. Тоног төхөөрөмжөө буулгаж талбай дотроо ажиллуулчихаад буцаагаад авч явдаг. Ер нь нэгдсэн шалгалт хийхэд монголчууд хийж болох бүх ажлууд байна. 2005 онд Соко компаниас Петро Чайна Дачин Тамсаг компани авч байхад Монголд тийм тээврийн хэрэгслүүд байгаагүй. Би тэр үед нь хариуцдаг байсан юм. Тэр үед хятадуудыг оруулж ирж ажлыг нь эхлүүлж байлаа. Одоо бол бид өөр болсон. Манай захын компаниуд 12-24 крантай байгаа. Нарийн мэргэжлийн хятадууд нь ажиллаг. Харин туслан гүйцэтгэгчээр нь монголчууд ажиллаг.
Нэг жишээ авъя. Газрын тосыг 100 төгрөгөөр авдаг байлаа гэж бодоход 40-50 төгрөг нь ажлын хөлсөнд суутгагдаж байгаа. Үлдсэн мөнгийг нь Монгол, Хятад хувааж авч байгаа юм. Ажиллаж байгаа монголчуудад нийт ажлын хөлсний 30-аад хувийг л өгч байгаа. Туслан гүйцэтгэгч Монгол компани байхгүй. Туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч Монгол компани л байгаа. Анх туслан гүйцэтгэгч 49 компани байсан, одоо 10 гаруй компани байгаа. Ийм дүр зурагтай байна” гэсэн мэдээллийг өглөө.
Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд тус компанийн үйл ажиллагааг зогсоохыг оролдохгүй, хэвийн ажиллаг, гэхдээ монголчуудыг ажиллуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “Петро Чайна Дачин Тамсаг Монгол компани уг нь Монгол компани. Монголын хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Одоо бол үйлчлэхгүй байна. Ард нь ямар нэгэн татлаа байгаа юм болов уу” гэсэн юм.
1 comment
шийдвэрлэдэг бүрэн хариуцах газар бна уу энд тэнд хэдүүлхэн ээ хоорондоо гоншгонсоор байтал хамаг юм юу болоод өнгөр вөө