БНХАУ-ын Huawei-г АНУ-ын аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн бол өчигдөр (2019.06.05) Huawei компани ОХУ-ын оператор компани “МТС”-тэй хийсэн хэлэлцээртээ гарын үсэг зурж, ирэх жилээс Huawei Оросын 5G сүлжээг хөгжүүлэхээр болж байгаа юм байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд энэхүү гэрээг үзэглэсэн аж. “Энэ гэрээгээр 5G технологийг хөгжүүлэх, 2019-2020 онд тав дахь үеийн сүлжээнүүдийн туршилтыг эхлүүлэх болно” гэж МТС-гийн мэдэгдэлд дурдсан бол Huawei компанийн орлогч дарга Гуо Пин 5G гэх мэт стратегийн ач холбогдол бүхий салбарт хамтрах болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.
МТС нь ОХУ-ын үүрэн холбооны зах зээлийн 31 хувийг эзэлдэг, Орос, Украин, Армени, Беларуст нийт 106.5 сая хэрэглэгчтэй томоохон компани юм байна.