“Капитал” банк хоёр сарын өмнө дампуурч, нийгэмд томоохон дуулиан үүсгээд авсан. Банкны дампууралд хамгийн их буруутгагдсан хүний нэг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С Эрдэнэ.
Сөрөг хүчний намын дарга, гишүүдээ намаас хөөж, УИХ дахь бүлгээ эрх зүйн чадамжгүй болгосон түүнд өнөөдөр АН доторх фракцууд нэлээн хүчтэй шахалт үзүүлж буй. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуульд тойроггүй үлдэх вий гэсэн айдас АН-ын гишүүдийг түгшээж байгаатай холбоотой ч байж болох юм.
Тэд өнөөдөр С.Эрдэнийг “Капитал” банк дампууралд буруутай. Санхүүгийн чадамжгүй банкинд Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум төгрөгийг байршуулж угааж байсан гэцгээж буй.
С.Эрдэнэ энэ мөнгөний талаар дөрөвдүгээр сард тайлбар өгөхдөө:
-Намайг анх ажил авч байхад Нийгмийн даатгалын аймаг, дүүргийн хэлтэс, харилцах дээр, харилцахын үлдэгдэл нэртэй ямар ч гэрээ хэлцэл байхгүй, хяналтгүй маш их хэмжээний мөнгө байсан.
Түүнийг тодорхой арилжааны банкуудтай гэрээ байгуулж тохироод банкинд хадгалуулдаг. Үүнийг гэхдээ ганцаараа шийдэхгүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гурван талын оролцоотой, дээр нь Сангийн яам, Монгол банктай зөвшилцөөд байршуулж байсан.
Миний өмнөх хүмүүс тодорхой хэмжээнд мөнгө байршуулж хүүгийн ашиг олдог байсан. Ер нь бол Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг бол банкинд байршуулах замаар тэр хүүгээр л өсгөх боломжтой. Өөр боломж байхгүй хэмээсэн удаатай.
С.Эрдэнийн хөрөнгө ба Шонхор тауэр
АН-ын даргыг улстөрийн хүрээнийхэн “Эрдэнэ ван” гэж егөөдөн нэрлэх нь бий. Ийн нэрлэхэд түүний Баянгол дүүргийн Засаг дарга, НДГ-ын дарга, Нийгмийн хамгааллын салбарын сайдаар ажиллах үедээ бий болгосон эрх мэдэл, өмч хөрөнгө нөлөөлсөн гэж харагддаг юм.
Ямартай ч талийгаач сэтгүүлч Л.Болормаа 2015 оны сүүлчээр С.Эрдэнийн Шонхор тауэр гэгч өргөөний сургийг ул суурьтай гаргаж ирсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв гэсэн нэрээр босгосон хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон энэ барилга нэрийг нь зээлсэн, нийгмийн эмзэг бүлгийнхний хүүхдүүдэд огтхон ч хамааралгүй.
Ам метр нь 45.000 төгрөгийн үнэтэй оффис болж хувираад, сүүлдээ АН-ын төв байр болчихоод байгааг монголчууд мэдэж байгаа.
Хандгайт дахь амралт аялал жуулчлалын цогцолбор
С.Эрдэнэд үүнээс өөр хэд хэдэн онцгой хөрөнгө бий. Түүний нэг нь Хандгайт дахь түүний амралт аялал жуулчлалын цогцолбор. Ахмадын амралт сувилал нэрийн дор байгуулагдсан энэхүү газар өнөөдөр нүүрээ хувиргаад “Их тамир” аялал жуулчлалын цогцолбор болчихсон гэж хэвлэлүүд мэдээлдэг.
Хандгайт дахь Их тамир нэртэй амралтын газар 2019 оны хаврын байдлаар хотхоноос дутуугүй хөгжсөн байна. 2015 онд энд МҮОХ, Үндэсний сагсан бөмбөгийн ордон, тамирчдын бэлтгэлийн танхим, зочид буудал баригдсан бол энэ зун гэхэд хэд хэдэн орон сууцны барилга нэмэгджээ.
Харин уг цолцолборын бүтээн байгуулалтын ажлыг Д.Содономзундуй агсны ач хүү Э.Ганболор захиралтай “Молор Констракшн” ХХК хоёр жил гаруй хугацаанд гүйцэтгэсэн гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Өнөөдөр АН-ынхан намын даргаасаа Шонхор тауэр, Их тамир цогцолбор, Олимп хотхоныг босгох хөрөнгө хаанаас гарсан бэ хэмээн асууж эхэллээ. Тэдний зарим нь намын даргаа Цагдаад шалгуулахаар өгч, бас цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгээ ч мэдэгдээд амжлаа.
С.Эрдэнэ дарга аа! Та өндөр орд харш, цогцолбор, хотхон босгох мөнгөө хаанаас босгосон бэ. Барилга байгууламжийн санхүүгийн эх үүсвэрээ тайлбарлаж, нотолж чадахгүй аваас Таны 2020 оны сонгуулийн гараа бүтэл муутай эхлэх нь байна шүү!
С.НАРАН