Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ирэх пүрэв гаригт УИХ-д өргөн барихаар болжээ. УИХ-д өргөн барьж, эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулсан бүлэг, зүйл, хэсгүүд батлагдвал Үндсэн хуулийн төслийг парламент нэг сарын хугацаанд хэлэлцэх ба ард нийтийн санал асуулга явуулж, дүнг УИХ-д танилцуулан шийдвэрлэх зэрэг заалтууд орсон байна. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журам батлагдана гэсэн үг.
Эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ дагуу эрх баригч хүчин Үндсэн хуульд гар хүрэх эсэхийг судлах хоёр ч Ажлын хэсгийг 2016 онд байгуулж байв.
Тэгвэл өчигдөр (2019.06.03) УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах Ажлын хэсэг болон намуудын төлөөлөлтэй уулзаж, энэ сарын 6-нд төслийг өргөн барихаар ярилцжээ.
МАН-ын боловсруулсан уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлт тусгагдана гэж байсан ч эрх баригчдын зүгээс ийм заалт ороогүй гэж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал 2021 оноос хэрэгжиж эхэлнэ.
Одоо хэлэлцэгдэж байгаа Дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ, хуулиар УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг л дундуур нь хэлэлцэн шийдвэрлэхээс бусдаар өөр ямар ч хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр заажээ.