Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Жо Анн Дадлиг томилжээ.
Хатагтай Жо Анн Дадли нь уул уурхайн салбарт 25 жил ажилласан туршлагатай. Тэрээр Рио Тинто группийн Өмнөд Африк, АНУ-ын уурхайнууд, Австралийн далд уурхайд ажиллаж байсан бөгөөд тэр дундаа блокчлон олборлох үйл ажиллагааг хариуцан нэлээд олон жил ажилласан байна. Мөн Монгол дахь Оюутолгой уурхайд газар доорхи судалгаа болон стратегийн төлөвлөлт хийхэд өмнө нь ажиллаж байжээ.
Жо Анн Дадли Нью Саут Уэльсийн Их Сургуулийг 1994 онд уул уурхайн инженерээр төгссөн бөгөөд уурхайн менежерийн чадвар болон технологийн менежментийн гэрчилгээтэй чадварлаг боловсон хүчин юм байна.