Улаанбаатар /МОНЦАМЭ/. Британы боловсролын сайд асан Жастин Гринингийн BBC сувагт өгсөн ярилцлагын талаар саяхан интернэтэд өргөн хэлэлцүүлэг явуулжээ. Тэрээр “Британы сургуулиудыг Зөвлөлтийн боловсролын системд шилжүүлж дууслаа” хэмээн мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм.
Зөвлөлтийн сургалтын системээр нэгэн үе итгэл төгс замнасныхаа ачаар монголчууд урагшлан хөгжсөнийг үгүйсгэх хүн үгүй биз ээ. Тиймээс сургалтын энэ систем болон сурагчийн мэдлэг чадварыг үнэлдэг тогтолцооны тухай гадаадынхны өгүүлсэн хэдэн ишлэлийг энэ удаагийн “Хөндөх сэдэв” буландаа онцолж буй юм.
Орост 80-аад оноос эхлэн Зөвлөлтийн боловсролын системийг устгаж эхэлсэн бол, Британид харин ид нэвтрүүлж эхэлжээ. Британичууд дэлхий даяар боловсролын шилдэг арга аргачиллыг сонгон судласны эцэст ЗХУ-ын боловсролын систем, түүний шинжлэх ухааны ололт амжилтыг өндрөөр үнэлж Европынхоос дээгүүрт тавьжээ. Одоо Британы сурагчдын мэдлэгийн түвшин Европын нэр хүндтэй сургууль төгсөгчдийнхөөс хол давсан хэмээж байна.
Жишээ нь, Британы 18 ерөнхий сайд, тэр бүү хэл хаад нь хүртэл суралцаж байсан эрдмийн өлгий нь Итоны коллеж юм. Британы боловсрол үнэхээр нэр хүндтэй болсон тул дэлхийн томчууд, улс төрчид, бизнесийнхэн үр хүүхдээ Итонд сургахыг мөрөөддөг, хичээдэг болжээ. Гэтэл энэ сургууль 1995 оноос Зөвлөлтийн сургалтын системээр ажиллаж эхэлсэн байна
“…Зөвлөлтийн боловсрол дэлхийд шилдэг нь. Бид энэ системээс авах юм их байна …Зөвлөлт Холбоот Улс нь сансар огторгуйг эзэмших тэмцэлд биднийг сурагчийн ширээний араас ялсан юм шүү…”
гэсэн АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн алдарт үг бий.
Манайд хамгийн сайн нутагшсан, Монголын онцлогтой сургалтын системийг л бид “шүтэх” хэрэгтэй хэмээн эрдэмтэн мэргэд маань зөвлөдөг. Гэхдээ 20-р зуунд Зөвлөлтийн боловсролыг хуулж хөгжилд хүрснийг өнөө хэр бахархан дурссан хэвээр л байна. “Одоогийн хүүхдүүд наад захын юм мэдэхгүй болж, хуучин сургалтын систем нь илүү байсан юм биш үү” гэх ээж, аавууд ч олширсон. 1990 оны сүүл 2000 оны эхээс л их, дээд сургуульд элсэгчдийн сурлагын чанар муудсан хэмээн МУИС-ийн ахмад багш нар ил тод хэлдэг. Оноож өгсөн тодорхой асуулт, сэдвээрх мэдлэгээ бичиж, ярьж шалгуулдаг арга буюу хяналт /контрол/-ын ажилд олон сайн тал байсныг бас дурддаг. Мэдэхгүй бол таагаад бөглөөд байх бололцоотой тестийн шалгалтыг хүүхдийн эх хэлний боловсролд нөлөөлж, улмаар алдаатай бичигчдийн армийг зузаатгахад их хүч өгсөн хэмээн багш нар “голдог”.
Япон улсаас Монгол Улсад сууж асан Элчин сайд Такэнори Шимизү Японд тэтгэлгээр сурах шалгалт өгч буй монгол оюутнуудын мэдлэг чадвар жилээс жилд муудаж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа телевизээр илэрхийлж байсан удаатай.
2007 онд ОХУ-ын боловсролын сайд асан Андрей Фурсенко залуучуудын нэг форум дээр “…Зөвлөлтийн боловсролын системийн дутагдал нь цогцлоон бүтээгч хүнийг бий болгох гэж оролдож байсанд оршдог. Харин өнөөдөр бусдын хийсэн бүтээлч ажлын үр дүнг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай мэргэшсэн хэрэглэгчдийг бойжуулах зорилт тавих ёстой” гэж ярьжээ. Энэ нь нийгэмд туурвин бүтээгчид биш дуулгавартай хэрэглэгчид хэрэгтэй гэсэн санаа байв. Хариуд нь Зөвлөлт, Оросын нэрт физикч Сергей Петрович Капица ” …Ийм бодлого явуулсаар байх юм бол та бүхнийг тэнэгүүдийн орон угтан авах болно. Мэдээж ийм орныг удирдахад амар, харин ийм оронд ирээдүй байхгүй” хэмээн сануулж байжээ.
Зөвлөлтийн сургалтын системтэй холбоотой буюу бүх тодруулбал тестээр шалгадаг ЭЕШ-ын тухай бас нэгэн сонирхолтой мэдэгдлийг Хятадын Шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн, академич Цинь Сычан хийжээ. Тэрээр, “Орчин үеийн шинжлэх ухаан, боловсролын асуудлууд” сэдэвт бага хурлын үеэр, Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн оюутнуудад хандан үг хэлэхдээ, “Барууныхны аймшигт хорлон сүйтгэх ажиллагааны уршгаар танайд мэдлэгийг устгаж, мэргэн робот бэлтгэдэг ЭЕШ гэгч “үхлийн систем” нэвтэрчээ. Энэ бол зүгээр нэг аюул биш, мөхөлд хүргэх хамгийн дөт зам. Зөвлөлт Холбоот Улсын үед танай боловсролын тогтолцоо, сурагчдын мэдлэгийг шалгах аргачлал дэлхийд шилдэг нь байв. Энэ шалгалт нь Оросын технологийн хөгжилд заналхийлж буй гол аюул гэдэг нь эргэлзээгүй. Харин бусад ертөнц урагшлан хөгжиж байхад танай сурагчдыг мөнхөд доройтох, хоцрогдох тавилан хүлээж байна” хэмээн ярьсан байна.
Цөмийн шинжлэх ухааны цоо шинэ чиглэл болох хүйтэн цөмийн урвалын реактор бий болгох ажлын анхдагчдын нэг энэ эрдэмтэн 43 орны боловсролын түвшний өөрчлөлтийг 30 жилийн турш шинжлэн судалсан аж. Тэрээр мөн цааш нь хэлэхдээ, “Дунд сургуульдаа шалгалтын уламжлалт системийг баримталдаг улс орнуудын төгсөгчдийн мэдлэгийн түвшин жилд дунджаар 3% өсөж, боловсролынх нь чанар 30 жилийн дотор бараг хоёр дахин нэмэгджээ. Гэтэл сурагчдын мэдлэгийн түвшинг шалгах ЭЕШ-тай агаар нэг тестийн систем нэвтрүүлсэн улс орнуудад төгсөгчдийнх нь мэдлэг эхлээд аажмаар, яваандаа бүр эрс уналтад орсон байна” гэжээ. Оросын боловсролын чанар сүүлийн 10 жилийн хугацаанл 61 хувь буурсан байхад, шалгалтын ийм систем нэвтрүүлээгүй Хятадад энэ үзүүлэлт 39 хувь дээшилсэн хэмээн илтгэлээ төгсгөсөн байна.
Саяхан Монголын багш нар 23 жилийн дараа их хурлаа хийв. Багш нарын нийгмийн асуудлыг анхаарсан олон сайхан шийдвэр гаргасан. Гэхдээ хүүхэд залууст мэдлэг олгож буй сургалтын хөтөлбөр, сурагчдын мэдлэгийг шалгах тогтолцооны асуудлыг ч нэн даруй шинжлэн ярилцах нь чухал болохыг дээрх баримтууд харуулж байгаа юм биш биз…