Зун цагийн нээлт болсон хамгийн гоё өдөр бол жил бүрийн зургаадугаар сарын нэгэнд болдог “Хүүхдийн баяр”. Тэгэхдээ энэ өдөр ээжүүд, хүүхэдтэйгээ хамт баярладаг өдөр үү, эсвэл зөвхөн хүүхдийн баяр уу гэдгийг хамтдаа тодруулцгаая
Хэрэв 1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга” уулзалт болоогүй бол Ирланд, Португал, ОХУ, Армен зэрэг дэлхийн дөч гаруй орон “6 сарын 1”- нд “Хүүхдийн баяр” тэмдэглэдэггүй байж болох юм. Магадгүй 1926 оны зургаадугаар сарын нэгэнд төрсөн Мэрилин Монрогийн төрсөн өдрийг тохиолдуулж “Дэлхийн гоо сайхны өдөр” гэгчийг хэн нэгэн нь санаачлах ч байсан юм билүү. Тэгэхдээ 1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “6 сарын 1”-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар улс орнууд дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Улмаар 1952 оноос Монголд анх удаа “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна. Тэр цагаас хойш бараг л бүх хүн “6 сарын 1”-нд Хүүхдийн паркад очин баярлаж, ээж ааваасаа шинэхэн, гоё бэлэг авдаг уламжлал тогтсон юм. Унадаг дугуй, цэнхэр нүдтэй хүүхэлдэй, одон орны дуран, чихрийн цуглуулга, цэцгэн хээтэй даашинз, хөгжим тоглуулагч гээд хүн бүрийн багадаа авч байсан ямар нэгэн нандин бэлэг энэ өдөр л гарч ирсэн байдаг.
Гэвч энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй, тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч бас баярлуулах хэрэгтэй гэж Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, бид 1995 оноос эхлэн “Эх үрсийн баяр” тэмдэглэх боллоо. Тэр үед хүмүүс, “Эмэгтэйчүүдэд өөрсдийн гэсэн баяр, <<Мартын 8>> бий шүү дээ” гэлцэж байсан ч “Март бол бүх эмэгтэйчүүдийн баяр. Харин <<6 сарын 1>> бол хүүхэд төрүүлсэн ээжүүдийн баяр” гэсэн зөвтгөл эсрэгээр нь гарсан даа. Энэ үед олонх аав нар хүүхдүүдээ эхнэртэйгээ хамт баярлуулах үүргийг хүлээн авсан ч энэ өдөр ээж болон эхнэрээ баярлуулаагүй эрчүүд бас цөөнгүй үлдсэн.
Үнэндээ “6 сарын 1”-ийг “Эх үрсийн баяр” болгох 1995 оны шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн “Хүүхдийн баяр” болгосон юм. Магадгүй та тийм зүйл байдаг эсэхэд эргэлзэж байвал Хөдөлмөрийн тухай хуулин дахь”Бүх нийтээр амрах өдөр”-ийн жагсаалтанд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэсэн байгааг харах боломжтой.
Тэгэхээр бодит байдал гэвэл Монголд одоо хууль ёсны “Ээжүүдийн баяр” байхгүй, дэлхийн “Ээжүүдийн баяр”-т манай орон албан ёсоор нэгдээгүй бөгөөд “6 сарын 1”-н зөвхөн “Хүүхдийн баяр” хэвээр үлдсэн байна. Бидний сэтгэлд хоногшин үлдсэн “Эх үрсийн баяр” гэх ойлголт маань зөвхөн 1995-2003 оны хооронд хэрэгжиж байсан зүйл бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг эс хайхран, жил бүр “Эх үрсийн баяр” гэж бичиж, нийтлэдгээс улбаалж бид одоо хүртэл ийм баяр байгаа мэтээр төөрөгдөх болжээ. Тиймээс хүмүүс удахгүй болох “6 сарын 1”-нд зөвхөн хүүхдүүдэд л бэлэг авахаар төлөвлөж болох юм. Хэрвээ та энэ өдөр ээжийгээ юм уу, эхнэрээ баярлуулж заншсан бол үүнийгээ болих хэрэггүй. Бидэнд хайртай хүмүүсээ баярлуулахад ямар нэгэн албан ёсны шийдвэр, тэмдэглэлт баяр хэрэггүй бөгөөд, харин ч өдөр бүр баярлуулж, сайхан үг хэлж байх хэрэгтэй юм шүү.
Эх сурвалж www.buro247.mn
3 comments
Хүүхдийн баяраар нь байлгаа. Ганц өдөр хүүхдүүдээ баярлуулахгүй хажуугаар нь бас хүүхнүүд чихэлдээд хэрэггүй ш дээ. Угаасаа Мартын 8 гэж байгаа биздээ. Усан толгой Очирбат л Мартын 8-ыг байхгүй болгох гэж ийм нэр өгч байсныг сүүлд нь болиулаад албан ёсоор буцаад Хүүхдийн баяр болсон ш дээ.
Аль хэдиинээ эргүүлээд хүүхдиин баяр болгосон шүү дээ. Анхны ерөнхиилөгчиин “эх үрсиин баяр ” бишээ.Дэлхиин хүүхдииг хамгаалах өдөр болсон .
Huuhdiiin erhiig hamgaalah udur. Balin hamart eh ursiin bayar gej huuhdiin tuluu geh gants udriig ustgaj haysan baisan.