С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хянах Түр хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр (2019.05.31) ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эргэлээ. Гишүүд эргэлтээс гарч ирээд тэдний эрүүл мэнд болон нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Түр хорооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ганцаарчилсан уулзалтуудыг хийжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлснээр Т.Чимэгээ нь олон сарын хугацаанд шулуун гэдэснээс нь цус алдалтын байдалтай байгаа учраас биеийн байдал нь тааруу байгаа юм байна. Тиймээс түүнийг нарийн шинжилгээнд оруулах асуудлыг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх чиглэлийг гишүүдийн зүгээс өгчээ. Мөн Содномдаржаагийн хувьд нэлээд тамирдсан, ядарсан, цөхөрсөн шинжтэй, биеийн байдал нь сайнгүй байна гэлээ.
Хэдийгээр тэдэнд эмчилгээ хийж байгаа боловч тус эмнэлгийн эмчилгээний чанар хангалтгүй гэж гишүүд дүгнэжээ.
Т.Чимэгээ гурван хүүхдийн ээж, Б.Содномдаржаа найман хүүхдийн аав
Харин цаашид уг асуудал дээр ямар арга хэмжээ авах талаар асуусан сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариулахдаа “Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллуулж, цагаатгах ажлын төлөө явж байна. Түр хорооны ажилд саад учруулж байгаа Дээд шүүхийн хэдэн шүүгч нар байгаа. Дээрээс нь аллагыг захиалагч бүлэглэлийн этгээдүүд байна. Нэг л зүйл хэлье. Үнэн ялна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү уулзалтыг хийх болсон шалтгааныг тайлбарлахдаа “Маргааш эх үрсийн баяр. Т.Чимэгээ эрүүдэн шүүгдэж байх үедээ нэг охиноо алдсан, 3 хүүхдийн ээж. Б.Содномдаржаа бол 8 хүүхдийн аав. Тэгэхээр эх үрсийн баярыг энэ хоёртойгоо тэмдэглэлцэж, тэдний мэндийг үр хүүхдүүдэд нь, гэр бүлийнхэн, ойр дотныхонд нь дамжуулах хүн ёсны уулзалт болсон. Жил гаруйн өмнөхийг бодвол сэтгэл санаа нь дээрдсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн хувьд маш ноцтой байдалтай байна” гэсэн юм.
Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгоно
Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нар нь эрүүдэн шүүгдээд 3.9 жил болж байгаа. Тэднийг Төв аймгийн хорих ангийн цонхгүй, халаалтгүй хүйтэн подвальд хорьж, эрүү шүүлт тулгасан нь бичлэгээр ил болсон билээ. Эрүүдэн шүүлт 400 хоног үргэлжилснээс 100 гаруй хоног нь тэр подвальд болжээ. УИХ-ын гишүүдэд болон сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэгээс боломжийн хэсгийг нь олон нийтэд ил болгох зөвшөөрлийг өнөөдөр гишүүд өөрсдөөс нь авсан байна. Тиймээс Түр хороон дээр уг асуудлыг тавьж олон нийтэд ил болгохын төлөө ажиллана гэдгээ хэллээ.
Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг чөлөөлөх хөдөлгөөн эхлүүлж байна
Мөн хавтаст хэргийг ил болгох эсэх талаарх асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хавтаст хэргийн дийлэнх хэсэг нь ил болсон гэж Загсийн газрын тогтоол гараад шийдвэр нь гарсан байгаа. Засгийн газар нь хавтаст хэргийг ил болгочихоод байхад Тагнуулын байгууллагын дарга нь хавтаст хэргийн тодорхой хэсгүүдийн зарим өгүүлбэр, мөрүүд нь ил болоогүй гэх мэт худал мэдээлэл бүхий бичгийг прокурорын байгууллага руу явуулсан байдаг юм. Үнэндээ ил болсон гэх боловч бүгд нууцын зэрэглэлтэй байгаа. Тагнуулын байгууллага Засгийн газрынхаа ил болгосон шийдвэрийн эсрэг ажиллаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад хүсэлт явуулсан. Ил болсон материалуудыг нууцлах сонирхол тагнуулд байгаа” гэсэн хариултыг өглөө.
Ингээд Түр хорооны гишүүдийн зүгээс Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг чөлөөлөхийн төлөө нийт ард түмний хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж, гарын үсгээ зурж тэдэнтэй нэгдэхийг уриалж байлаа.