Чехийн эмч нар сүүлийн үед моринд зориулсан нэмэлт тэжээлээр өөрсдийгөө эмчлэх гэж оролддог өвчтөнүүд олширсныг гайхан тэмдэглэх болжээ. Хөл нь өвдөж шаналсан хүмүүст морины тэжээл хэрэглүүлбэл сайн гэсэн нэгэн яриа интернэт даяар тархаж, хүмүүс энэ бэлдмэлийг авах нь эрс нэмэгдсэн байна.
Харин эмч нар үүнийг үгүйсгэж, энэ бэлдмэл зөвхөн морь болон үхэрт ч зориулсан, хүнийг эмчлэх зориулалтгүй гэж ятгасаар байгаа аж. Гэсэн ч эмч нарын ятгалгыг тоолгүй, бие дээрээ туршиж үзээд гайхамшгийг нь мэдэрсэн гэх хүмүүс интернэтээр сэтгэгдлээ үлдээсээр л байна.
“Би морины тэжээлийг нөхөртөө авч өгсөн юм. Одоо тэр морь шиг л давхидаг болсон” гэж нэг эмэгтэй бичсэн бол өөр нэгэн хүн энэ бэлдмэлийг хөршүүд нь төдийгүй нохой нь хэрэглэж, хөгшин нохой нь сайн гүйдэг болсон гэжээ.
Манай хойд хөрш Орост ч хэдэн жилийн өмнө морины шампунь, тос алдаршсан юм. Эдгээр бэлдмэлийг хумс, үе сайн бэхжүүлдэг гэж ярьж, хүмүүс амьтны дэлгүүрээс бөөн бөөнөөр нь худалдан авдаг байлаа. Гэвч удалгүй энэ мэдээлэл үнэ цэнээ алдсан юм.
Эх сурвалж: vesti.ru
1 comment
Chekhuud, orosuud ingej baihad bid ch bas argagui yum daa. Yumiig hudal gej bodohgui l itgedeg heveeree.