УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан хууль, тогтоолуудыг танилцуулж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө.” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураажээ. Тухайлбал:
Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо: “Шинээр барих гал унтраах, аврах ангийн барилгын тоог нэмэгдүүлэх”, “Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх”, “Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах чадварыг сайжруулах”, “Бие бүрэлдэхүүнийг чадваржуулах” гэснийг “зэвсэг, техник, хувцас, хэрэглэл болон материаллаг баазыг бэхжүүлэх” гэсэн саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлтдээ тусгасан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: “Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжид цахилгааны хэрэглээний хөнгөлөлт үзүүлэх”, “Нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх,” “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх”, “Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах”, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: “Соёлын баримтат өвийг хамгаалах, музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх”, “ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, “Бурхан Халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах”, “Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах” гэсэн төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.
Хууль зүйн байнгын хороо: “Үндэсний гадаад паспортод бичилт хийх, программ хангамж тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагыг техник, хэрэгслээр хангах” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.
Эдийн засгийн байнгын хороо: “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх”, “Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хийх”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барилгын ажлыг үргэлжлүүлэх”, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх”, “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн төвүүдийн техник, тоног төхөөрөмж, компьютерийг шинэчлэн нийлүүлэх”, “Сонгуулийн санал тооллогын техник хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах”, “Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн төслийн хэмжээнд эцсийн хувилбараар нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хороо ч мөн зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.
Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн энэ өдөр эцэслэн баталлаа.
Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд:
· тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг баталж байхаар;
· олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар тусгажээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах мөн тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж байхаар тус тус зарчмын саналыг тусгасан байна.
Дараа нь Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, хадгалах бодлогын зохицуулалт хангалтгүй байсныг Засгийн газар баталж байх зохицуулалтыг оруулжээ. Түүнчлэн шуудангийн маркын тодорхойлолтыг дэлхийн шуудан холбооны конвенцид нийцүүлэн өөрчлөн найруулсан байна.
Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихаар; мөн үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх гэсэн заалтыг төсөлд тусгажээ.
Улс хоорондын шуудангийн илгээмжийн зохицуулалтыг илүү тодорхой болгох хүрээнд улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, шуудангийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх, мөн улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарах гэсэн зарчмын өөрчлөлтийг тус тус төсөлд тусгасан байна.
УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд нотариатын үйлчилгээ хамаарахгүй байхаар тусгасантай холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд гишүүдийн 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн гишүүдийн 69.3-74.4 хувь нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжив.