Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгохоор болсноо энэ үеэр мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр (2019.05.30) нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор гомдол гаргасан байна.
Уг гомдолд “Хотын Захирагч миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, цаашлаад өвөг дээдэс, удам судрыг минь зохион байгуулалттайгаар илтэд гүтгэн, гутаан доромжилж буй хүмүүсийн энэхүү үйлдэл нь нийслэлийн төрийн албанд шударгаар ажиллаж буй албан хаагчид, эгэл жирийн иргэдэд ч хамаатай бөгөөд цаашлаад олон нийтийг талцуулах, нийгмийг хагалан бутаргах уршигтай тул Эрүүгийн хуулийн 19.9-д заасанчлан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Тиймээс дээрх этгээдүүдийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргаж байна” гэжээ.